Хөвсгөлийн их хөвч тайгад амьдран суух нутгийн олны аж амьдрал, Монголын хойд хил буюу тайгын хилийн заставын өвөрмөц онцлог, Дархадын хотгорын өвлийн их үзэсгэлэн зэргийг сонирхон сурвалжлахаар хоёрдугаар сарын 8-ны өдөр замдаа гарлаа. Хөвсгөлд очиход нэвсийсэн их цастай, хөдөөгийнх нь замд буухад гутлын түрий давсан цастай ч тогтуун дулаахан байх аж. Зарим уул нурууд нь ар хөвчөөрөө их модтой, зарим нь урдуураа мод ихтэй мөнх ногоон гацуур олонтой юм байна. Хөвсгөлийн хойд хэсгийн баруун талын уул нурууд нэлээд өндөр шовх оройтой бол зүүн тийшээ урт үргэлжилсэн налуувтар харагдана. Өвөлдөө ууланд цас ихтэй учраас морины дөрвөн хөлийн арьс зулгарчихдаг гэнэ. Харин цаа бол их цасанд ажирдаггүй гэх. Манай аяллын багийг Хил хамгаалах Ерөнхий газрын олон нийттэй харилцах албанаас ахалж явсан учир биднийг Хөвсгөл аймаг дахь Монгол Улсын баатар Л.Даваадоржийн нэрэмжит Хилийн 0257 дугаар ангийнхан угтан авав. Монгол Улсын хилийн заставуудын хэмжээнд анх удаа Хөвсгөл аймгийн анги бүрэлдэхүүн "Тайгын нударга" хэмээх гардан тулааны клуб байгуулжээ. Энэ клубийн нээлтийн үеэр хилийн заставынхан өөрсдийн сурсан мэдсэнээ тайлагнаж, гардан тулааны тоглолт хийж үзүүллээ. Эрэгтэй эмэгтэйгүй бүгд л гардан тулааны дасгалдаа шимтэн, чадварлагаар гүйцэтгэж байв. Штабын дарга, дэд хурандаа М.Эрдэнэбуян өөрөө гардан тулааны хар бүстэй, каратэгийн спортын мастер шилдэг тамирчин ажээ.

Мөн Хөвсгөл аймаг дахь хилийн цэргийнхэнтэй аяллын багийнхан гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээн зохион явуулахад заставын дарга нарын баг тэмцээнийг тэргүүллээ. Хөвсгөлийн хилийн заставынхан гар бөмбөгийг мэргэжлийн тамирчид шиг тэгш тоглодог юм байна. Түрүүлсэн багийн залуус үндэсний бөхийн баг тамирчид гэж андуурагдмаар хулгар хулгар чихтэй, том биетэй залуус байх. Угаас заставтаа үндэсний бөхийн цолтой цөөнгүй хүнтэй юм байна. Ямар сайндаа л тэдний дунд түгсэн нэг сүрхий онигоотой. Тээр нэг жил наадмын үеэр хилийн заставт шинэхэн ажилд орсон залуу ажлын байраа сахиад хоцорсон үед аймгийн хилийн ангиас гэнэтийн шалгалт иржээ. Шалгалтын багийн ахлагч “За танай заставт хэн хэн байна, дарга нар чинь хаачив” гэхэд мань нөхөр хэн ах сумын наадамд барилдах гээд явсан, хэн ах бас барилдаж байгаа гэсэн гэдэг. Тэд нар чинь ямар цолтой юм гэхэд сумын заан, сумын начин, би өөрөө залуу бөх Бямблаа” гэж тайлбарласныг заставынхан одоо ч дурсан ярьж инээдэм болгох юм. Би ч мөн хошуу нэмэрлэж, танай хилийн цэрэг бөх залуусыг ажилд авдаг, бөхийн цолтой залуусаа заставын дарга болгоод байдаг юм уу гэхэд хилийн 0232 дугаар заставын дарга О.Мөнгөн “Хөвсгөлийнхөн бөх сайтай, барилддаг эрчүүд олон. Мөн манай хилийн цэрэг залуусынхаа спорт, бие бялдарт нэлээд анхаардаг. Гэхдээ бид цэргийн ажил гээд барагтай бөхийн бэлтгэл хийж амждаггүй, ажлаа хийж яваад л наадмаар ойрхон байх аль нэг суманд очиж барилдаад хэд хэдэн удаа түрүүлж, үзүүрлэчихсэн л залуус. Бөх хөөсөн бол ч аймгийн цолоор тогтохооргүй амжилттай барилдах эрчүүд байгаа юм даа” гэж нөгөөдүүлээ магтав. Заставын дарга, ахлах дэслэгч О.Мөнгөн өөрөө Завханд болон Хөвсгөлийнхөө сумдад барилдаж, түрүүлсэн сумын заан цолтой аж. Тэрээр Заставынхаа эмэгтэйчүүдийг алив манай хүүхнүүд ингээрэй, тэгээрэй, алив манай цэргүүд ингэ тэг, хурдал, за манайхан ингэнэ шүү гэх зэргээр нэлээд найрсаг хандах инээд алдсан хээгүй эр байна лээ. Ямар сайндаа л манай багийнхан зураг дарахад инээхгүй, төв царайлаад ууртай дарга шиг харагдаач гэж байхав. О.Мөнгөн Халх голд цэрэгт очоод тэндээсээ гэрээт цэрэгт шилжээд, үлгэр жишээ цэрэг хэмээн Хилийн цэргийн их сургуульд явж суралцаад, сургуулиа төгсөөд, хилийн заставт даргын орлогчоор томилогдож, дараа нь энэ заставын дарга болж ирээд байгаа нь энэ аж.

Хилчид хилийн манаанд явж буй нь

Хөвсгөлийн хилийн цэргийн удирдлагууд хамт олноо урлаг спортоор тэгш чадварлаг хөгжүүлэхийг зорьдог гэнэ. Тиймдээ ч аймагтаа зохиогддог байгууллагуудын урлаг, спортын наадмуудад ихэвчлэн тэргүүн байр эзэлж, монгол улсын хилийн цэргийн хэмжээний болон улсын уралдаан тэмцээнд тогтмол амжилттай оролцдог ажээ. Үүнд хөвсгөл аймаг дахь 0257 дугаар хилийн цэргийн үлээвэр хөгжмийн “Хилчин харгуй” хамтлаг болон тус ангийн соёлын төвийн дарга, соёл сурталчилгааны хэлтсийн ажилтан ахлах дэслэгч Б.Нямсайханы үүрэг их аж.

Ингээд бид Мөрөнгийн төвөөс гарч Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын нутагт байх хилийн 0232 дугаар салбарыг зорилоо. Ахлах дэслэгч, О.Мөнгөн даргатай тус застав өнгөрсөн 2016 оны шилдэг застав болжээ. Хоёр жилийн дараа заставынхаа 40 жилийн ойг нижгэр тэмдэглэнэ гэж өөрсдийн боломж бололцоогоор цэргийн байр шинээр барьчихсан байна. Уулнаас модоо бэлтгээд, гэрээт цэргүүд болон ажилчдынхаа хүчээр байр барьсан гэнэ. Халаалтыг нь хүртэл шийдээд тохилог барилга бариад цэргүүдээ оруулчихсан, ажлын байр болон бусад барилгуудаа сайхан тохижуулсан байхыг харахад аргагүй шилдэг застав байхаар харагдаж байв.

О.Мөнгөн зам зуур явахдаа “Манайхан зочид ирнэ гээд л сүрхий баярлачихсан. Нааш цааш гүйлдээд бэлтгэлээ базааж байгаа байх. Гаднаас зочин очиход манайхан их баярлана. Уулын мухарт утасны сүлжээ ч барихгүй, шувуу ч нисэхгүй шахуу газар шүү дээ. Хойд талынхаа уулан дээр гарвал харин “Жи мобайл”-ын сүлжээ барьдаг. Би нөгөөдүүлдээ сонинг нь авлаа. Өдөр тутмын сонингуудаа ч цагт нь уншиж чаддаггүй юм. Аймагт бөөгнүүлж байгаад застав руу хүн явбал аймгаас нааш нь явуулдаг. Бартаа ихтэй учраас манай заставт очих машин ховор. Шинэ сонин ирлээ гээд манайхан их баярлана. Сонинг ёстой реклам, он сартай нь юу ч үлдээхгүй уншиж дуусгана даа” гэж ярилаа.

Мөн бидэнтэй хамт явсан хилийн 0257 дугаар цэргийн ангийн сэтгэлзүй мэдээлэл соёл, сурталчилгааны албаны дарга, хэвлэлийн төлөөлөгч, хошууч Л.Очирсүрэн ярихдаа “Ээж ааваасаа хол, олон сар жилээр цэргийн алба хааж байгаа. Хөвч ой тайга, цас зудтай хүнд нөхцөлд уул хадаар явж үүрэг гүйцэтгэж, хилээ манадаг залууст юу уншуулах, юу үзүүлж сонсгох, заах ёстой гэдгээ нарийн зөв сонгох хэрэгтэй байдаг. Тэгэхгүй бол бид энэ залуусынхаа сэтгэл санааг хямраах зүйл сонсгож болохгүй. Ямартай ч бид улс оронд юу болж байгааг тогтмол мэдээлж байдаг. Мөн эх орны сэдэвтэй номнуудыг сонгож уншуулна. Өдөр тутмын гол хэвлэлүүдийг тогтмол захиалж үүрэг гүйцэтгэж буй цэрэг, ахлагч, офицеруудад хүргэдэг” гэлээ.

Өлийн давааны 13 овоо

Тус застав орох зам бартаа ихтэй юм. Уулын хяраар ганцхан машин явах, нэг л эвгүй дарвал өндөр хясаа руу нисэхээр замаар ч явлаа. Ийн даваа, гүвээ ихтэй уулархаг замаар гэлдэрсээр оройдоо хүрч очлоо. Биднийг очиход гэрээт цэргүүд жагсчихсан сүртэй сайхан угтлаа. Мөн застав гаднаас ирэх зочдыг хүлээн авах зочид буудал бариад тохижуулчихсан байна. Зочид буудлын хаалгаар ороход заставын эмэгтэйчүүд банкны ажилтан шиг цагаан цамц, алчууран зангиа хар юбкаар жигдэрчихсэн жигтэйхэн ганган, инээд алдсаар ёстой л баярлаж байгаа юм байна даа гэмээр угтав. Мөн тэд өөрсдийн гараар бэлдсэн төрөл бүрийн жимсний шүүс, жимсний чанамал, талх ааруул, үхрийн махан зууш, шинэхэн өрөм тарагтай олон төрлийн амтлаг хоол цайтай жигтэйхэн халгиж цалгисан байдалтайгаар зочдоо дайллаа. Энэ заставын эмэгтэйчүүд зундаа олон төрлийн эмийн ургамал, самар, жимс зэргээ түүгээд өвлийнхөө хэрэглээг нөөцөлчихдөг юм байна. Баргийн хүнсийг худалдаж авдаггүй, өөрсдийн гараар хийдэг гэсэн үг. Мөн олон төрлийн гар урлалын бүтээл, дээл хувцас зэргийг урласан байна лээ.

Энэ заставын бас нэг онцлог нь гэрээт цэрэгтэй. Гэрээт цэргийн албанд орох сонирхолтой, нэг жилийн цэргийн алба хаасан залуусыг сонгон шалгаруулж авдаг аж. Тэд сарын 600 гаруй мянган төгрөгийн цалинтай, хөдөлмөрийн хуулиараа жилдээ нэг удаа ээлжийн амралт авчихдаг. Гэрээт цэргийн алба хааж буй залуусын ихэнх нь 4-5 жил болжээ. Тэд цалингийнхаа 20 хувийг бэлнээр аваад, үлдсэн хэсгийг нь шууд хадгаламжиндаа оруулдаг. Тэгэхээр дөрвөн жил болсон залуу гэхэд л 20 гаруй сая төгрөгийн цалин хураачихсан, дээр нь банкных нь хуримтлалын хүү бодогдож байгаа гэсэн үг. Тэд гэрээт цэргийн албаа сунгаж сайн ажиллаад ахлагч буюу ажилчдын эгнээнд шилжих сонирхолтой, цэргийн амьдралд дассан эрчүүд байх юм. Хөвсгөлийн хилийн цэрэг өмнө нь хугацаат цэрэгтэй болж үзсэн боловч 18-хан настай гэрээсээ хол явж үзээгүй залуус уул тайга намаг шалбааг ихтэй хүнд нөхцөлд алба хааж чадахгүй, ямар сайндаа л модон дотор явахаараа модонд өлгөгдчих гээд их цасанд хэрхэн морь унах зэргийг ч мэдэхгүй хүндрэл бэрхшээл ихтэй байсан учир хугацаат цэргийг больжээ. Харин зарим застав нь гэрээт цэрэгтэй бол тайгын заставууд цэрэггүй, ахлагч офицерууд нь өөрсдөө хилийн манаанд явж хилээ хамгаалдаг байна. Манай сонин өмнө нь “18 настай хүүхдээр хилээ мануулах байтугай итгэж манаачаар ажиллуулах албан газар байхгүй” гэж бичиж байсан нь Хөвсгөлд яг биеллээ олж дээ гэж бодогдлоо. Хугацаат цэргийн албанд яваад тэндээсээ улирч гэрээт цэрэг болсон залуус байхаас гадна их сургууль төгссөн бакалаврын дипломтой эрчүүд хүртэл гэрээт цэрэг болчихсон цохиж явна лээ. Ихэнх нь Хөвсгөл аймгийн залуус байх бол Зүүн болон баруун аймгуудаас говиос ирсэн цэрэг ч байна. Хилийн цэрэгт орсон эрчүүд нэлээд эх оронч, хөдөлмөрч хатуужилтай, амьдралын ухаантай, цэргийн амьдралд дуртай болсон байдаг гэнэ. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумаас алба хааж буй гэрээт цэрэг Ж.Мягмардорж ярихдаа “Эр хүн болж төрснийх хилээ манана гэдэг сайхан. Эр хүний байх ёстой газар хилийн цэрэг гэж би боддог. Гэрээт цэргийн албаа сайн хаагаад цаашид эндээ ахлагч болж үлдэх хүсэлтэй” гэж байлаа. Энэ жил гэхэд л долоон жил гэрээт цэргийн алба хаасан залуусыг ахлагч болгосон байна. Тиймээс залуус ахлагч болж дэвштэлээ гэрээт цэрэгт цуцалтгүй зүтгэдэг байна. Хилийн заставынхан цагаан сарын үеэр 14 хоног манаанд гарна. Манаанд гарахдаа битүүлгэнийхээ болон сар шинийн хоол унд, чанаж идэх бууз зэргээ зэхээд явдаг байна. Мөн шинийн нэгний өглөө хилийн баганадаа мөргөж сар шинээ гаргадаг уламжлалтай аж. Хилийн манаанд цэргүүдийг дагаж явж үзлээ. Тэд манааны ахлагчтайгаа нийлээд зургуулаа явах аж. Ингэхдээ мод ихтэй уулаар голдуу явдаг тул ар араасаа нэг жимээр явна нэг нь баруун талаа хянаж, дараагийнх нь зүүн тал руу, дараагийнх нь урагшаа гэх зэргээр хяналт зохион явах аж. Мөн боорцог, чанасан мах, шар тос, элсэн чихэр болон цайны идээ давс зэргээ хүнсэндээ зэхэж явдаг юм байна. Өвлийн хүйтэнд шар тостой халуун хар цай уухад их өег байдаг гэнэ. Хоол ундаа бэлтгэх үедээ нэг нь хоточ нохойтойгоо манаанд зогсож бусад нь цайлна. Мөн зөрчил илрүүлэхийн тулд уулын модонд гал түлэхгүй, хоол ундаа бэлтгэж идэхгүй байх үе байдаг гэнэ. Малын хулгай, хулгайн ангийн зөрчил нэлээд гардаг байна. Энэ застав ОХУ-ын Тува улстай хиллэдэг. Хойд хөрш манайхаас өөр. Тодруулбал, улиралдаа нэг удаа нисдэг тэргээр хилээ эргэдэг сурагтай. Цэргүүд чөлөөт цагаараа сонин унших дуртай, сонин уншихдаа эхлээд хамгийн гоё, гэгээлэг мэдээллээс эхлээд улмаар урлаг соёлын эсвэл уран зохиолын сэдэвтэйг уншаад, сүүлдээ рекламыг нь түүж уншдаг гэнэ. Хөвсгөлийн хилийн цэргийн анги байгууллагууд бүгдээрээ “Өдрийн сонин” тэргүүт өдөр тутмын гол хэвлэлүүдийг тогтмол захиалан уншдаг юм байна.

Тус заставын байрлах нутаг болох Баянзүрх суманд цас зуд ихтэй байв. Гэхдээ тэндэхийн айлууд уулын орой бэл хяраар өвөлжөөгөө барьчихсан их өндөрлөг газар голдуу нутаглах аж. Мөн сарлаг, адуу голдуу малтай. Тэжээлийн хэдэн сарлагаа үлдээгээд бусад сарлагаа айлууд ууланд залчихаж. Сарлаг нь бараг зэрлэгшчихсэн, тэндээ өвөлжөөд хавар бууж ирдэг байна. Сарлаг биеэ чангалаад хяраад хэвтэхээр арьсыг нь чоно ч даадаггүй гэнэ.

Эндээс бид дараагийн заставаа буюу Дархадын хотгорыг зорилоо. Цас ихтэй ихэнх зам даваа хаагдчихсан учраас Хөвсгөлийнхөн ихэвчлэн гол, нуураар давхиад л нэг сумаасаа нөгөө сум руугаа дамжаад явчихдаг юм байна. Бид ч мөн Бэлтэсийн голоор давхисаар, голоосоо зүүн хойш хэвийгээд л Өлийн их даваан дээр ирлээ. Өлийн даваан дээр Дархадын 13 овоо гэж байх. Энд ирсэн хүмүүс гол овоо болох том овоонд мөргөөд дараа нь өөрийнхөө жилтэй овоонд мөргөх ёстой юм байна. 13 гэдэг нь Дархадуудын шүтдэг тоо бөгөөд үүнийгээ 10 зүг гурван цагтаа даатгал өргөж байгаа хэрэг гэж үздэг байна. Мөн энэ даваагаар Хотгойдын шадар ван Чингүжав дайтаж, манжуудаас зугтаж явсан зэрэг эртний түүхтэй.

Өлийн их даваагаар даваад л Дархадын цэнхэр хотгор эхэлж буй нь энэ. Энэ давааны цаахантай Цэнхэр хотгорын Улаан -Уул сум байх. Тус сум нь алдарт Дэлгэрхаан уулын баруун ард, Хорьдол сардагийн нурууны ноён оргилуудын баруунтай оршино. Хорьдол сарьдагийн нуруу цааш гурван сумын нутаг дамнан дүнхийх аж. Улаан-Уул сумын нутгийн 70 гаруй хувь нь ой тайга, 30 хувь нь бэлчээрийн бүс нутаг бөгөөд дархад ястны өлгий нутаг ...

Н.ГАНЧИМЭГ Өдрийн сонин

Үргэлжлэл бий