Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг батламжиллаа. Гэвч энэ шийдвэр БЗД-ийн АН-ынхан таалагдсангүй. Тиймээс өнөөдөр дүүргийн захиргааны байранд эмх замбараагүй байдал үүсчихээд байна. Үүнийг зохицуулахаар цагдаагийн байгууллага хүч нэмэн ажиллаж эхэллээ.

2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр болсон орон нутгийн сонгуулиар БЗД-т МАН-ын 19 нэр дэвшигч ялалт байгуулсан байдаг. Харин АН-аас 22 нэр дэвшигч ялалт байгуулсан ч зургаан нэр дэвшигч "сонгогчдын саналыг худалдан авах зорилгоор мөнгө тараасан” гэх асуудалд холбогдож, таван нэр дэвшигчийг "санал хураалтын үеэр мөнгө тараасан нь үнэн” гэсэн шүүхийн шийдвэр гарсан юм.  

Ингэснээр 19 суудал авсан МАН олонх болж Э.Бат-Амгаланг дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлж, хотын дарга түүнийг батламжилсан юм.

Гэвч Д.Пүрэвдаваа /БЗД-ийн Засаг дарга асан/ тэргүүтэй АН-ынхан хууль бус үйлдлээ хаацайлж, улмаар төрийн байгууллагын бүрэн эрхэд халдаж, үймээн үүсгээд байна. АН-ын гишүүд дэмжигчдийн эсэргүүцэл, үймээн хурцадсан учраас, БЗД-ийн цагдаагийн хэлтэс тэдгээр хүмүүсийг албадан гаргах арга хэмжээг авсан байна.

Шүүх АН-ын гурван ч нэр дэвшигчийг хууль бус аргаар иргэдийн саналыг худалдан авсан гэдгийг тогтоочихсон байхад өнөөдрийн ийм үймээнийг зохион байгуулж байгаа нь утгагүй. Тиймээс ийм хууль бус үйлдэл зохион байгуулж, иргэдийг турхирсан БЗД-ийн АН-ын удирдлагуудад хариуцлага тооцох хэрэгтэй болов уу.

 Үндэстэн агентлаг