Өнгөрч буй долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Кувейт улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Халид Иатим Аль Фадли, ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизов, Турк улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагез нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

УИХ-ын чуулган 2014 оны төсөв болон түүнийг дагалдах хуулийн төслүүдийг баталлаа. Үүнд, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн олонхийн саналаар батлав. Улсын төсвийн урсгал зардлыг өмнөх оныхоос 20.2 тэрбум төгрөгөөр бууруулж, хөрөнгө оруулалтын зардалд 199.617.3 сая төгрөг нэмж, харин 129.381.0 сая төгрөгийн төсөл арга хэмжээг хасчээ. Ингэснээр Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 6.883.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 33.6 хувь, нэгдсэн төсвийн нийт зардал 7.293.8 тэрбум төгрөгөөр буюу ДНБ-ний 35.6 хувь болж байна. Нэгдсэн төсвийн нийт алдагдал 409.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 2 хувьтай тэнцэж байгаа юм.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолыг баталснаар ирэх онд “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжихийн зэрэгцээ орон сууцны урт хугацаат найман хувийн зээлийг үргэлжлүүлэн олгох юм байна. Мөн инфляцийн төвшинг 2014 оны эцэст найман хувьд барих зорилт руу тэмүүлж, валютын ханшийг тогтвортой байлгахын тулд төв банкны хувьд бодлогын хүүг чангаруулах арга хэмжээ авахгүй аль болох зөөлөн бодлого баримтлах ажээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Монгол Улсын 2014 оны төсөвт долларын монгол төгрөгтэй харьцах ханшийг 1384 төгрөгөөр тооцсонд ихээхэн эргэлзсэн бол А.Тлейхан, аймгуудад хөрөнгө оруулалтыг тэгш бус хуваарилсан. Ирэх оны дөрөвдүгээр сард төсөвт тодотгол хийнэ гэж урт насгүй хуулийн төсөл баталлаа гэв. Мөн Б.Бат-Эрдэнэ гишүүн, 2014 оны төсвийн тухай хуулийн төслийг эрх мэдлийг дагуулж баталж болохгүй. Ам.долларын ханш 1750 хүрчихсэн, иргэдийн цалин инфляцид идэгдсэн, гадаадын хөрөнгө оруулалт зогсчихоод байхад амьдрал сайхан болж байгаа юм шигээр ярьж болохгүй. Хамгийн их хөрөнгө оруулалттай аймаг нь 200 тэрбум, хамгийн бага нь хоёр тэрбум байна гэсэн юм.

Харин Алтын ил тод байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан ч АН-ын бүлэг дахин нягтлах шаардлагатай хэмээн дөрөв хоногийн завсарлага авснаар чуулганы хуралдаан түр завсарлав.

Өнгөрөгч долоо хоногт эрхэм гишүүн Р.Амаржаргал УИХ-ын гишүүнээс татгалзах өргөдлөө спикерт гаргаж шуугиан тарьсан ч АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг надад мэдэгдсэн юм байхгүй хэмээн хөндийхөн хандаж, он дамжин хууль шүүхээр явсан Увсын Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн хоёрын мандатыг хүчингүй болгох тухай СЕХ хуралдсан бололтой. Гэвч үүнийгээ Ч.Содномцэрэн дарга ихэд нууцалжээ.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар гадаад айлчлал болон зарим хуулийн төсөл, өвөлжилтийн болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөл зэрэг 20 шахам асуудал хэлэлцэж байна.

Мөр Төрийн ордонд “Том төрөөс ухаалаг төр лүү” үндэсний зөвлөлдөх уулзалт эхлэв. Уулзалтын үеэр таван салбар хуралдаан болж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарын хүмүүс даргалж байгаа юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үндэсний зөвлөлдөх уулзалтыг хааж үг хэлнэ.

Г.Болор