Манай улсын эдийн засаг хүндхэн байгаа нь үнэн. Ингэж доройтсоор байгаад дампуурчихвал яана гэсэн айдас иргэдийн дунд их байгаа нь ч үнэн. Ямар сайндаа л улс орноо дампуурахыг харахыг хүсээгүй иргэд сайн дураараа улсдаа хандив өгч байхав. Тодруулбал өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр МУ-ын гавьяат эдийн засагч Б.Сосоргарав “Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө” уриалгыг санаачилж, хандивын аяныг эхлүүлсэн. Түүний уриалга, санаачилгыг зарим иргэд идэвхтэй дэмжиж хандив, тусламж үзүүлэхээ илэрхийлээд байгаа. Түүний дотор улстөрчид ч бий. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан 100 сая, УИХ-ын гишүүн Н.Оюундарь 20 сая, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ 10 сая төгрөг хандивлахаа мэдэгдээд буй.

Хэдийгээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "Засгийн газар  ард түмнээсээ хандив авахгүйгээр бондын өрөө ч төлнө, эдийн засгийн хямралаа ч давна, тийм бололцоо бүрэн байгаа" гэсэн ч иргэд хандив өгөхөө илэрхийлсээр байгаа юм. Тиймээс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат албан ёсны хандивын данс нээхийг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд үүрэг болгож, Сангийн яам ч хандив, тусламжийн орлогыг төвлөрүүлэх “Хандив”-ын төгрөгийн болон валютын дансуудыг Төрийн сан, Төрийнбанк болон Монголбанканд нээж, дээрх дансуудад цугларсан хандив болон түүний зарцуулалтын талаарх мэдээллийг ил тод, мэдээлэхээр болоод байгаа билээ. Тэгвэл хоёрдугаар сарын 14-ний өдрийн байдлаар  Монгол улсаа хямралаас гаргахаар иргэд нийт 127 сая төгрөгийн хандив өгчээ.

 

Гэвч дайны хажуугаар далим гэгчээр хандив нэрээр ажилчдынхаа халаасыг ухах оролдлого хийж байгаа газрууд мэр сэр гарсаар байгаа бололтой. Уг нь хандив гэдэг ямар нэгэн сайн үйлсийн төлөө зохион байгуулж буй мөнгө цуглуулах компанит ажил. Ингэхдээ сайн дурын үндсэн дээр. Гэтэл дарга цэрэг нь тушаагаад ажилчдынхаа нэг өдрийн цалинг нь шууд хамж авч байгаа нь албан хаагчдын эгдүүцлийг төрүүлж байна. Иргэний нисэхийн Ерөнхий газар бол хэдэн мянган албан хаагчидтай байгууллага. Гэтэл цагаан сарын өмнөх нь тус байгууллагын удирдлагууд бүх ажилчдынхаа нэг өдрийн цалинг улсад хандивлахаар арга хэмжээ зохион байгуулахаар болжээ.

 Үргэлжлэлийг эндээс