Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн этгээдүүдийг  шүүх хурал өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон. Улмаар С.Зориг агсныг  зохион байгуулалттайгаар, захиалгаар, онц хэрцгий аргаар, шунахайн сэдлээр хөнөөсөн гэж Ц.Амгаланбаатар, Т.Чимэгээ, О.Содномдаржаа нарт 24-25 жилийн хорих ял оноосон юм.

 Хурлын дараа С.Зориг агсны дүү УИХ-ын гишүүн асан С.Оюун давж заалдах шатны шүүхэд хандахаа мэдэгдэж, гомдлоо хүргүүлжээ. Түүний гомдлыг шүүх хүлээн авч, хэрэгтэй танилцан, хурлыг товлосон байна. С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал ирэх мягмар гаригт Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд болно. Шүүх энэ хэргийг хэрхэн шийдсэн талаар бид эргэж мэдээлэх болно.