БЭЭЖИН. /theguardian/. Хятад улс ОХУ-ын Байгал нуураас ус татах 1000 км-ийн урттай хоолой барих асуудлыг хэлэлцэж байгаа тухай Бээжинд хэвлэгддэг "Global Times" сэтгүүлд мэдээлжээ.
 
Байгал нуур бол дэлхийн хамгийн цэнгэг устай нуур билээ. Хятадын Ганьсү мужийн төв болох Ланжоу хотын албаны хүмүүс ОХУ болон Монгол Улсаар дайруулан Хятад руу хоолой барихаар төлөвлөж байгаа аж.  
 
Хятадын Эдийн засгийн шинэчлэлийн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Ли Луоли  ярихдаа "техникийн асуудал нь шийдэгдсэний дараа дипломатчид ширээний ард сууж, хамтын ажиллагааны ийм хэлбэрээс талууд ямар өгөөж хүртэж болох вэ гэдэг талаар харилцан ярилцах хэрэгтэй" гэжээ.
Байгал нуур нь нийтдээ 23 мянган куб.км буюу дэлхийн цэнгэг усны 20 хувийг нь агуулдаг юм. 
 
Ли Луоли 2012 онд бичсэн номондоо “Монгол болон Хятадын хойд хэсэг усаар гачигдаж байдаг учраас Байгал нуураас ус татах нь эдийн засгийн хөгжилд чөдөр болж буй хүрээлэн буй орчны нөхцлийг сайжруулахад тус дөхөм болно” гэжээ.
 
Лигийн үзэж байгаагаар, энэ нь ОХУ-д ч мөн сайнаар нөлөөлөх бөгөөд байгалийн баялаг ихтэй Сибирийг хөгжүүлж, усны гол экспортлогч болгосноор улс төр, эдийн засгийн хувьд хүчирхэгжүүлэх юм.
 
Гурван улсыг татан оролцуулах энэ төлөвлөгөө нь эргэлзээтэй аж. “Технологи бол асуудал биш. Дипломат гэрээ хэлэлцээр нь тухайн улсын засгийн газраас шалтгаална” хэмээн нэрээ дурдаагүй нэгэн мэргэжилтэн “Global Times” сэтгүүлийнхэнд ярьжээ.
 
ОХУ-ын засгийн газраас энэ талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Харин хүрээлэн буй орчны судлаачид Байгал нуур ширгэж байгаа тухай сэрэмжлүүлсээр  байна. 2015 оны тайланд дурдсанаар, Байгал нуурын эргээр ялзарч муудсан замаг үзэгдэх болсон нь хүрээлэн буй орчны тэнцвэрт байдалд аюултай юм. Байгал нуур нь спирогира хэмээх мяндаслаг, хогийн ургамал агуулсан замагнаас болж өдрөөс өдөрт бохирдсоор байна. Ийм замаг Байгал нуурын экосистемд байдаггүй. Энэ замаг нь биологийн хаягдлыг өөртөө агуулдаг бөгөөд экологичдын үзэж байгаагаар, орон нутгийн амралтын газруудын бохир уснаас, мөн хувь хүмүүсийн эзэмшилд байдаг завинуудаас ялгардаг бололтой.
 
Байгал нуурын усны түвшин доод тал нь далайн түвшнээс дээш 456 м-т байх ёстой. Гэтэл 2015 онд энэ түвшин 5 см-ээр намссан байна.
 
Х.Сарнай
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг