Өнөөдөр Монголчуудын дийлэнх хувь нь ажил хийж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал тодорхой хэмжээгээр төлдөг. Эрүүл мэндийн даатгалыг эмнэлэгийн анхан шатны тусламжийг улсын эмнэлэгээс үнэгүй үйлчилгээ авахын тулд урьдчилан төлдөг. Иргэн жилд хоёр сая төгрөг хүртэл үйлчилгээ, хөнгөлөлтийг эдлэх бломжтой гэдэг. Гэтэл эрүүл мэндийн даатгалыг шударгаар төлөөд сандарсан үедээ улсын эмнэлэгээс үнэгүй үйлчилгээ авч чадахгүй тохиолдол гарсаар байна.

Өнөөдөр эрүүл мэндийн салбар хэн хүнийг танил тал, зоосны нүхээр хардаг ялзарсан салбар болсон. Хөл хүнд эх төрөхийн эмч, сувилагч, асрагч нарт мөнгө төлж байж асуудалгүй төрдөг нь эрүүл мэндийн салбарын ялзарсны жишээ. Тэгвэл үүн дээр дахин нэг ялзарсан жишээг хүргэе. Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалаа шударгаар төлсөн иргэн өнгөрсөн амралтын өдөр даралт ихсэж 160/113 болтлоо өгсөж  БЗД-ийн эмнэлэгтээ хандсан байгаа юм. Түүнийг дүүргийн эмнэлэгийн хүлээн авах үзлэгийн мөнгө гэж 5000 төгрөг, эм болон аналгин, димедрол тарьсны мөнгө гэж 1600 нийт 6600 төгрөг авсан байх юм. Уг нь тухайн иргэн ийм үед мөнгө өгөхгүй гэж ЭМД төлсөн.

Өөрөөр хэлбэл сандарсан үед улсын эмнэлэгээс төлбөргүй үйлчилгээ авахын тулд ЭМД гэгчийг сар бүр тушаасан.  Гэтэл харъяа дүүргийн байгаад, ЭМД төлдөг байгаад ч нэмэр байсангүй. Хэрэвээ тухайн иргэн мөнгөгүй байсан бол  6600 төгргөөс болж ямар эрсдэлд учрах байсныг төсөөлөшгүй... Хэдийгээр БЗД-ийн эмнэлэг өмч хувьчлалаар хувьд шилжсэн ч гэсэн үйлчилгээ үзүүлснийхээ төлөө улсаас мөнгө авч байгаа. Тэр мөнгө нь татварт төлсөн та бидний мөнгө. Гэтэл бид ЭМД төлөөд нэмэлт мөнгө төлөөд үйлчилгээ авч байна гэхээр асар өндөр үнэээр эрүүл мэндийн анхан шатны тусламж авч байгаа гэсэн үг.

Дахин нэг жишээ. Госпиталь хэрвээ цэрэг цагдаагийн хүн биш бол хичнээн нийгмийн даатгал төлдөг бай хамаагүй хоногийн 44 000 төгрөгөөр хэвтэж болно. Харин эмчинй зөвлөсөн зарим нэг эмчилгээ нь мөн л төлбөртэй. Зарим  эм тариа нь байхгүй болохоор гаднаас зөөнө.

Эрүүл мэндийн салбар уналтад орж, мөнгөтэй хүн л амьд явдаг болсон талаар олон ч удаа хөндөж бичлээ. Хэвлэл мэдээлэл болгон энэ талаар шүүмжилдэг, гэсэн ч үр дүн өнөө хэр гарсангүй. Эрүүл шүүмжлэлийг тусгаж авах гэхээс илүүтэй бидний алдааг түрүүлж олж харлаа, хэвлэл мэдээлэл эмч нарт өстэй юм, эмчийг, эрүүл мэндийн салбарыг доромжиллоо гэх мэтээр таагүй хандах нь бий. Худал хэлсэн хүнд эмчид үзүүлэхдээ сэтгүүлч гэж мэргэжлээ хэлэхээс ч эмээдгээ нуух юун. Эрүүл мэндийн салбар өөрчлөгдөх гэхээс илүүтэй улстөрждөг, албан тушаалд хүрэхийн төлөө өрсөлддөг, цэвэр бизнес хийдэг салбар болж хувирчээ.
 

Сайд дарга нар нь тендерээ хулгайлдаг, эмч нар нь тоног төхөөрөмжөө “хулгайлдаг”, сувилагч, асрагч нь бусдын халаас руу өнгийдөг буруу тогтолцоондоо анхаараачээ А.Цогцэцэг сайдаа. Тогоонд нь чанагдаж зовлон, жаргалыг нь мэдсээр байж баярын арга хэмжээнд сайхан инээж, төрийн ордонд хэрүүл хийхээс өөр ажил хийх цаг чинь болсон шүү.

Шүүмжлэлийг эрүүлээр авна биз.