Өнгөрсөн амралтын өдрөөр буюу гуравдугаар сарын 18-19 шилжих шөнө ОУХМ Э.Цэндбаатар бусдад зодуулан хүнд гэмтэн ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт ухаангүй хүргэгдсэн талаар хэвлэлүүд мэдээлж байна. 

Эх сурвалжуудын ярьж байгаагаар, тэрбээр согтуу залуустай маргалдан зодуулсан бөгөөд тэдгээр залуус приус маркийн машинаар  тамирчин залууг хөөж байхдаа мөргөн гэмтээсэн аж. Боксийн шигшээ багийн тамирчид шөнийн цэнгээний газар байхдаа хэсэг залуустай маргаан өрнүүлснээр ийм байдал бий болжээ. 

Тамирчдад зодуулсан залуус биеэ барьж дийлэлгүй зодооныг үргэлжлүүлэн сүүлд нь машинаараа тамирчдыг элдэн хөөжээ. Энэ үеэр залуу тамирчин Э.Цэндбаатар машинд мөргүүлэн гэмтсэн төдийгүй согтуу залуус нэмж зодсон гэж зарим эх сурвалжууд ярьж байна. 

Одоогоор тамирчин залуугийн бие маш хүндхэн 32 оёдол тавиулсан гэнэ. Э.Цэндбаатар  энэ жилийн УАШТ-ээр МУГТ Д.Отгондалайг илүүрхэн ялж, энэ онд зохиогдох азийн ААШТ, ДАШТ-д оролцох эрхээ авахаар бэлтгэл сургуулилтаа хангаж байсан билээ.

Боксын Үндэсний шигшээ багийн тамирчид Хандгайтад байрлах Содномзундуйн нэрэмжит спорт цогцолборт байрлан, ирэх дөрөвдүгээр сард зохиогдох Тайландын Эзэн хааны цомын тэмцээнд оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байсан ч ийм харамсалтай хэрэг гарсан байна.