Илбэчин. Энэ бол ид шид биш. Хуурах арга, техник.  “Цаасаар хуурах” арга, техникийг супер эзэмшигчид баяждаг батлагдаагүй дүрэм монголд бий. МҮОХ-ын ерөнхийлөгч Д.Загдсүрэн спортынхныг , монголын ард түмэнтэй нь жинхэнэ “тэнгэр хартал” илбэ хийсэн. Хотын А бүсэд 5 давхар үл хөдлөх хөрөнгийг удирдаж буй МҮОХ-ныхоо хөрөнгөөр бариулаад, хувийн компани руу газар, устай нь  шилжүүлчихсэн гэж байгаа.

Барилга гүйцэтгэлийн ажлыг бүгд МҮОХ-ны нэр дээр хийсэн байдаг.

 

 

ОУОХ-ноос МҮОХ-нд тамирчиддаа нөхөн сэргээх сувилал барьж өг гэж 100,000 ам,доллар өгсөн.  Гайхалтай. “Тамирчдыг нөхөн сэргээх” сувилал гэсэн гэгээлэг нэртэй уг байгууламжийг хөөрхий минь манай спортынхон МҮОХ-ных гэж ойлгоод учиргүй баярлаж, Д.Загдсүрэнгийн буянд мөргөж явсан цаг саяхан. Үнэн чанартаа  энэхүү  “Тамирчдыг нөхөн сэргээх” сувилал ХХК Д.Загдсүрэнгийн баталгаатай баруун гар Б.Наранцэцэгийн нэр дээр дурайх болж. Өөрөөр хэлбэл одоо энэ байшинг нураагаад 30 давхар капитал хөрөнгө болгоно уу, тамирчдаа нөхөн сэргээхэд төдөн төгрөг гээд төрөөс, гадаад дотоодын спортын холбоодоос нэхээд хэвтэнэ үү, хэнд ч падлийгүй болсоон гэсэн үг.

“Олимпизмыг аврах хөдөлгөөн”-хөн энэ талаар амаа чилтэл ярьж, хөлөө хүрэх газар заргалдсан ч бид ёстой л тээр жил Намбарын хүү Энхбаяр чихээ таглаад, хэлээ билүүдэж “Сонсохгүй байна, сонсохгүй байна” гэдэг шиг авирлаж. Хууль ном нь шийднэ биз дээ л гэсэн юм бодоод өнгөрсөн. Хууль ном нь МҮОХ-ны хөрөнгөөр барьжээ гэдгийг нь тогтоогоод хэн хохирогч вэ гэдэг дээр тулахад МҮОХ өөрөө болж таарсан.  МҮОХ-г хохироогч нь Д.Загдсүрэн, хохирог ч нь МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан.

Янзтай. Хоёулаа миний хүү гэдэг шиг. Уг нь хоюулаа хохироогч. Гэтэл хуулийн байгууллага дээр болохоор нэг нь хохирогч, нөгөө нь хохироогчийн дүрд ороод уснаас хуурай гарчихдаг гэж байгаа. Хэрэг хуучрахгүй шүү дээ. Гэрээсээ хулгай хийдэг “өвөө” нарт өтлөх насанд хайран ч нэр төр баймаар. Ийнхүү МҮОХ хохиролгүй гэсэн учраас хохироогчгүй болж таарав.

Д.Загдсүрэн мэдүүлэгтээ гишүүдийн хурлаар хэлэлцэгдэж, тогтоол гарсан тухай дурджээ.

Гэтэл  МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Баясгалан нь ”... МҮОХ-ны 2012 оны 04 тоот Гүйцэтгэх зөвлөлийн тогтоолтой анх удаа танилцаж байна. Энд миний нэр байх боловч гарын үсэг зураагүй байна. Мөн тогтоолоос харахад бусад дэд ерөнхийлөгч нар бас гарын үсэг зураагүй байна. Ер нь бол МҮОХ-ны эзэмшил газрын талаар Гүйцэтгэх зөвлөлөөр ч шийдэх эрх байхгүй гэж бодож байна. Үүнийг бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлэх ёстой” гэхчлэн мэдүүлэг өгсөн байдаг.

Ингэж л  Д.Загдсүрэн ОУОХ, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийг монголын тамирчидтай нь далаар нь тавьж цаасан дээрээс таван давхар барилга босгосон “Илбэчин” хүн дээ.