Улаанбаатар ирээдүйгүй хот бол­сон гэж Ерөн­хий­лөгч Ц.Элбэг­дорж хэл­сэн. Агаар, хөрс­ний бохирд­лоос эх­лээд тул­гамд­сан маш олон асуу­дал энэ хо­тод бай­гаа. Төр, засаг шийд­вэр гар­гаж, асууд­лыг зохи­цуу­лах ёс­той хү­мүүс сүү­лийн жи­лүү­дэд зөв­хөн утаа л гэж ярьсаар өнөөд­рийг хүр­сэн. Гэвч зөв­хөн утаа­наас гад­на хөрс­ний бохир­дол гамш­гийн хэм­жээнд хүр­чи­хээд байна.
 
 
Агаарын бохирдол ч гэсэн зөвхөн утаа гэлтгүй элдэв тоосжилт, шохойжилтыг ч ярих цаг болсон. Манайхан хөрсний бохирдол гэхээр л гэр хорооллын нүхэн жорлонг л яриад байдаг. Яах аргагүй нэг том асуудал мөн л дөө. Гэхдээ дайны хажуугаар дажин гэгчээр хотын төвд, иргэдийн дунд байгаа барилгын материалын болоод автомашины зах, олон засварын газрыг мартаад байна.
 
Тиймээс агаар, хөрсний бохирдолд хамгийн их нөлөөлж байгаа “100 айл”-ын барилгын материалын зах, “Да хүрээ” автомашины захаа нүүлгэнэ гэсэндээ л нүүлгээч дээ. Улаанбаатар хот хөгжиж байгаа юу гэвэл тийм. Түүнийхээ хэрээр гэр хороолол байсан “Ногоон нуур”, “100 айл” орчим орон сууцны хороолол болчихлоо.
 
Тэр хэрээрээ агаарын бохирдол, утаа нь ч эрх биш багасч байгаа. Гэвч  “100 айл” гэж 1990-ээд оны Эрээн шиг үнэр танар, шавар шавхай болсон аймшгийн газар байсаар л байна. Элдэв барилгын материал, шохой бужигнаад л. Нүүлгэнэ гэж олон жил ярьсан, хэвээрээ л. Өөр нэг гаргах ёстой зах бол “Да хүрээ”. Уг нь хотын баруун захад төв байгуулчихаад байгаа. Тэнд газрыг нь шийдэж өгөөд, банк, нотариат, даатгалын салбарыг хүртэл байгуулчихсан. Гэтэл нүүдэггүй. Хуучин хотын даргаар Э.Бат-Үүл ажиллаж байхдаа ерөнхийд нь шийдчихсэн ажил шүү дээ. Одоо С.Батболд дарга жаахан хичээгээд, хотоос гаргачихмаар байна.
 
Ер нь бол энд тэнд байсан машин тэрэг зардаг зогсоолууд байхгүй болсон. Одоо “Да хүрээ”-г л нүүлгэ. Тэнд зөвхөн машин зардаг юм биш. Албаны хүний мэдээлснээр бол “Да хүрээ” орчимд 60 орчим авто үйлчилгээ, улгаалга, дугуй засварын газар байдаг аж.  Тэдгээр авто үйлчилгээний газруудын хог хаягдал, тос масло хаашаа орох билээ. Хөрсөнд л шингэж таарна шүү дээ. 
 
Тэгээд байнга машин асааж, унтраана. Тэр хэрээрээ агаарын бохирдол нь ч нэмэгдэнэ. Хамгийн гол нь “Да хүрээ” захыг тойроод Баянзүрх дүүргийн 2-3 хорооны иргэд амьдарч байгаа. Нийслэлийн нэг хороо 8-10 мянган хүнтэй гэж тооцвол тэр хавьд 30 орчим  мянган хүн амьдарч байна. Эдгээр хүмүүсийн эрүүл мэнд ноцтой хохирно гэсэн үг. Ерөөс сүүлийн үед хүүхдүүдийн цуснаас хар тугалга маш ихээр илэрч байгаа.
...Нэрэн дээрээ 200 ченжийн эрх ашиг гэж байгаа боловч нэдэр дээрээ хэдхэн түрээслүүлэгчийн л асуудал. “Да хүрээ” захын зай талбайг цөөн хэдэн хүн л түрээслүүлж, ашиг олж байгаа шүү дээ. Хэрвээ машины захыг нүүлгэчих юм бол тэр түрээслүүлэгчдийн орлого байхгүй болж, эрх ашиг нь зөрчигдөх гээд байгаа болохоор үхэн хатан эсэргүүцээд, зүтгээд байгаа нь тодорхой...
Цаашлаад томчуудын биенээс ч гэсэн маш их илэрсэн. Тэр дундаа “Да хүрээ” захын ойр орчимд амьдарч байгаа айлуудын хүүхдүүдийн биеэс хар тугалга бүр илүүтэй илэрч байгаа албан бус судалгаа ч байгаа юм. Мэдээж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хар тугалга хүний биед ямар аюултай. Яагаад хүүхдүүдийн биеэс хар тугалга илрээд байгаа талаар хангалттай мэдээлж, бичиж, сурвалжилж байгаа. Тийм болохоор энд нуршаад яахав. Хамгийн гол нь иргэдээ эрүүл байлгах, Улаанбаатар орчныхоо бохирдлоос гарахын төлөө дорвитой алхам хийх шаардлагатай байна.