“Номин” их дэлгүүртэй холбоотой асуудал их гардаг. Сүүлийн жилүүдэд хэт их ноёрхол тогтоож, үйлчилгээний соёл үйлчлүүлэгчдийн эрх ашиг гэдэг зүйлийг уландаа гишгэсэн байдаг. Ядаж л өрөөтэй бараа нь лангуун дээр очоод бичүүлэхэд илүү гардаг зэрэг олон асуудал бий. Тэгвэл энэ удаа Номингийн номын дэлгүүртэй холбоотой гомдол байна.

Бест селлер болоод буй “Самар хатан” номын зохиогч Б:Сарантуяа өөрийн фэйсбүүктээ ингэж бичсэн байна. Сэтгэгдэлээр нь хүн бүр л түүнтэй санал нийлж байгаа, Номингийн хэт өндөр үнэтэй, хүнд сурталыг гайхацгааж байна.

Тухайлбал тэрээр бичихдээ  “Номин их дэлгүүр гэж сайхан нэрнээс цаашгүй газар байх юм даа. Өнгөн дээрээ үйлчлүүлэгчээ хүндэлдэг л байх. Харин харилцагчдаа бол үнэхээрийн их чирэгдүүлж зовоох юм. Мажестик номын дэлгүүрт нь номоо тавих болсоор 8 жил өнгөрчээ. Гэвч энэ бүх хугацаанд үргэлж л зодолдохоос наахнуур болж байж хэдэн номоо өгөх юм. Байнга дүрэм журмаа, хүмүүсээ өөрчилж байна. Ажилчиддаа ёс зүй, харилцааны сургалт заахын оронд хэрхэн харилцагчдаа чирэгдүүлж элвдээр хэлж доромжилж болох, хэрхэн хүнд суртал гаргаж дээрэнгүй хандах, хэрхэн хамгийн муухай ааштай байж болох сургалт явуулдаг юм шиг яг нэгэн хэвэнд цутгасан мэт ааш авиртай хүмүүс бэлтгэж ажиллуулдаг. Уг нь бол энэ дэлгүүрийн харилцагчид л орлогыг нь бүрдүүлдэг баймаар. Хэдэн зуун саяар тоологдох бараа бүтээгдэхүүнээ энэ дэлгүүрээр борлуулдаг хүмүүсээс эхлээд хэдхэн ширхэг хүүхдийн баривч оёод түүнээ дэлгүүрт нь тавьдаг эмээ өвөө нар хүртэл энэ дэлгүүрийн орлогыг бүрдүүлж байгаа.

Тэгэхэд өөрийнхөө ээж ааваас илүү настай эмгэнийг өмнөө зогсоочихоод оёсон баривчийг нь гоочлон авахгүй гэж навсайтал загнаад, уйлуудаад гаргаж байгаа няравыг ч харж л байлаа. Номин минь дээ. Цаана чинь өчнөөн олон сүлжээ дэлгүүрүүд шинээр бий болсон. Олон жилийн өмнөх топ гэсэн зүүднээсээ сэрж хүмүүсээ сурга, дадлагажуул. Ирэх бүхэнд уур хилэн дэвэргэх ямар нэгэн сюрприз бэлдэхийн оронд дотоод зохион байгуулалтаа сайжруулах цаг нь болжээ. Цааш өгүүлбэл их олон юм бий. Зах зухаас нь л дурдлаа. Хэрэгтэй бол үйлчилгээгээ сайжруулах үүднээс асуугаарай л даа” гэжээ.

Г.Нар 

zaluu.mn