Монголын рок поп урлагийн ууган хамтлаг “Хурд” тэртээх 1993 онд анхлан байгуулагдаж өдгөөг хүртэл тасралтгүй, цуцалтгүй уран бүтээлээ туурвиж ирсэн юм. Энэ жил тэдний 20 жилийн ойн баяр тохиож бөгөөд ойн хүрээнд олон арван улс орнуудад тоглолтоо хийсэн бөгөөд өнгөрөгч сард ӨМӨЗО-ны сонсогч, фенүүддээ тоглолтоо хийн байлдан дагуулаад ирсэн билээ. Тэд монгол түмэнтэйгээ баяраа хуваалцахаар энэ сарын 29, 30-нд “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд хүндэтгэлийн тоглолтоо хийх гэж байгаа билээ.

   Тэд ойн баяртаа зориулж 20 жилийн түүхийг өгүүлсэн ном,баримтат кино,”Хурд” гэсэн акустек банзан гитар, футболк, малгай, гинж, зүүлт, хуанли зэрэг бүтээлүүдийг бэлэн болгож үнэнч сонсогч фенүүддээ зориулж байгаа билээ.

   Харин тус хамтлагийн хамгийн содон бэлэг нь “Алтан пянз” бөгөөд тэд монголдоо төдийгүй Азийн рок, попын хамтлаг, дуучдын дундаас анхлан алтан пянзаа гаргасан хамтлаг болж байгаа юм. АНУ-д хийгддэг энэхүү алтан пянзыг "Хурд" хамтлагийн өмнөхөн алдарт дуучин "Лэди Гага" гаргаж дэлхий нийтээр дахин алдаршжээ. Тус хамтлагийн "Алтан пянз" ирэх 12-р сарын дундуур хэвлэлтнээс ирэх бөгөөд хамгийн эхэнд таван ширхэгийг авчирч 20-н жилийн ойн тоглолтныхоо азтай үзэгчдэд бэлэг болгон гардуулах юм байна. Дашрамд дуулгахад Хурд хамтлагийг "Алтан пянз"-аа гаргасантай холбогдуулан Америкт байрладаг дэлхийн дуу хөгжмийн сүлжээ дэлгүүр болох "Гитар центр"-ээс Алтан пянзын байрлуулах санал ирүүлсэн байна. Иинхүү саналыг хүлээн авч хамтран ажиллах болсон бөгөөд энэ нь монголын рок поп урлаг дэлхийн хөгжмийн урлагт дахин нэг амжилтыг тогтоосон бахдам үйл явдал болж байгаа юм.

   Сонирхуулахад "Хурд" хамтлагийн 20-н жилийн ойн хүндэтгэлийн тоглолтын албан ёсны хэвлэлийн хурал 11 сарын 26-нд 12:00 цагаас "Irish pab"-д болох юм. Хүрэлцэн ирсэн бүх сэтгүүлчдэд тоглолтын мандат, гарын бэлэгтэй гэнэ.