БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Сеожүүн ложистикс монголиа” ХХК 20, 40 тоннын чингэлэг оруулж ирж худалдаалдаг тухай бид өмнө нь мэдээлж байсан. Ингэхдээ гааль дээр бүрдүүлэлт хийхдээ буцааж гаргана гэж татвар нуудаг байж болзошгүй тухай мэдээллийг хүргэсэн билээ.
 
Тэгвэл “Сеожүүн ложистикс монголиа” ХХК нь 2016 оны нэгдүгээр сарын 4-нөөс арванхоёрдугаар сарын 28-ныг хүртэл 370 гаруй удаа чингэлэг импортоор оруулж иржээ. Ингэхдээ нэг удаад 1-99 хоосон, эсвэл хуучин чингэлгийг оруулж ирдэг байна. Харин дээрх нэг жилийн хугацаанд лав нэг ч  чингэлэг буцаагаагүй байна.
 
Түүнчлэн тус компани Японы “Seo Joong Logistics” Co.,ltd, “Шандоног Интернатионал Транспорта”, БНХАУ-ын “Shanghai Hyundai Elevator”, “Дуншен”, “Тяньжин SJ международное транспортное агенство”, “Экспедиторская ком.с ограниченной Ответственностью”, “Шандоног Ландбридже Интернатионал Транспорта”, “Тяньжин международное транспортное агент”, БНСУ-ын “Suchjou”,   “Shinji” Co.,Ltd, “Shinji Global” Ltd, “Sits Logi Korea” Co.,Ltd, “Artsanr” зэрэг газраас хоосон чингэлгүүдээ оруулж ирдэг юм байна.
 
Сануулахад, Сеожүүн ложистикс монголиа” компанийнхан төмөр замын дагалдах бичгийг сольж, чингэлгийг буцааж гаргана гээд гаалийн бүрдүүлэлт хийдэг. 
 
Энэ нь шууд утгаараа Монгол Улсын гаалийн байгууллагыг хуурахаас гадна, цаашилбал Монгол Улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн явдал гэж болно.
 
Эх сурвалжийн мэдээллээр жилд 2500 орчим чингэлгийг ийн хууль бусаар борлуулсан байж магадгүй ажээ. Тус компани чингэлгээ зарж борлуулчихаад Монгол Улсад ямар нэгэн татвар төлдөггүй. 
 
Чингэлгийг зарж борлуулдаг манай улсын нэр бүхий иргэнээс мөнгөө бэлнээр авч каргогоор дамжуулан БНСУ руу дамжуулдаг гэсэн мэдээлэл байгаа юм.
 
Өдгөө тус компанийн оруулж ирсэн 3000 орчим чингэлэг ТЭЦ-III станцын баруун талаас зарагдаж байгаа ажээ.
 
Дашрамд хэлэхэд “Сеожүүн ложистикс монголиа” ХХК нь тээвэр зуучийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улсад 1998-2012 оныг хүртэл БНСУ-д бүртгэлтэй SJL компанийн төлөөлөгчийн газар нэртэйгээр ажиллаж байжээ.
 
 
Б.ДАМДИН