Монгол улс гурван сая иргэнтэй. Харамсалтай нь эдийн засаг хямарсан гэсэн шалтгаанаар төрөөс залуу үе, хөдөлмөрлөж хийж бүтээж байгаа нэгнээ дэмжих бус татвар нэмэхээс эхлээд тэтгэврийн насыг уртасгах гэх мэтээр нэгдсэн бодлогоор дарамталж байгаа. Үүний улмаас өнөөдөр хэдэн мянган залуус гадаадад ажиллаж амьдарч, эх орноосоо дүрвэсээр байна.  Хэдэн тоон баримтыг  хамтдаа харцгаая.

Хэрвээ цалин хангамж өндөр, бүтээж, үйлдвэрлэж байгаа нэгнээ татвараар айлгах биш харин ч дэмжээд явсан бол гадаадыг зорих иргэдийн тоо буурна. Чухам ийм бодлого байхгүйгээс болж  өнөөдөр залуус хэдэн мянгаараа гадаадыг зорьж ажил хөдөлмөр эрхэлж байна. Үүнээс болж гэр бүл салах, хүүхэд өнчрөх зэрэг  асар олон сөрөг тал байгааг төр гэх хамгийн муу менежер анзаарахгүй байгаа нь нууц биш. Өнөөдрийн байдлаар Монгол улсын 144 000 иргэн гадаадад ажиллаж, амьдарч, сурч байгаа.  Тэдгээрээс 32 000 гаруй нь  Солонгост амьдарч байна. Эдгээр залуус хэрвээ эх орондоо байсан бол хятадуудын оронд барилга дээр, Вьетнамуудын оронд  засварын газруудад ажиллаж өнөөдөр олон гэр бүл элэг бүтэн амьдрах болно.  Ядаж л мөнгөний урсгал гадагшаа бус дотооддоо үлдэнэ.

Гадаадыг зорихоос гадна залуус Монгол улсын иргэний харьяатаас гарч өөр улсын иргэн болох тохиолдол өнгөрсөн онд огцом өссөн байх юм.  Тодруулбал 2015 онд 952 иргэн Монгол улсын харьяатаас гарсан бол  2016 онд 2179 хүн Монгол улсын иргэншлээс гарсан байх юм.  1994 онд Гадаадын иргэний харьяатын алба үүсгэн байгуулагдсан бөгөөд энэ үеэс  Монголчууд гадаадын иргэн болж эхэлсэн байх юм. Монголчууд ихэвчлэн Америк, Канад, Герман, Франц зэрэг евро бүсийн орнууд руу манай улсын иргэд цагаачилж, тус улсын иргэн болсон байх юм.  Харин цөөн тохиолдолд Япон, Солонгос зэрэг Азийн улс орны иргэнтэй гэр бүл болж иргэншлээ сольсон байна.  

Монгол улсын иргэн байгаад өөр улсын иргэн болсон ч Монгол улсын иргэний харьяаллаа сэргээн тогтоолгосон хүний тоо буурсан байна.  2015 онд 2 хүн Монгол улсын иргэний харьяаллаа сэргээн тогтоолгосон бол 2016 онд нэг ч хүн сэргээгээгүй байх жишээтэй.  

Энэ бол  Монголын  ирээдүй болсон залуусын  эх орноосоо нүүр буруулж байгаа тоон баримт. Эдийн засгийн хямрал гэж иргэдийнхээ бүсийг чангалж дарамтлахгүйгээр  хурган дарга,  “бүдүүн” дарга, сайд, УИХ-ын гишүүдийн хэрэгцээг хасаад хэмнээд байвал гадаадыг зорих залуусын тоо буурна.  Төрийн эрх баригчид өөрсдийнхөө тансаглалыг  бууруулж,  түмнээ дэмжих бодлого баримтлахгүй бол  дээр дурдсан гурван тоон баримт улам өсөх болно.

А.Баярмаа