Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах, үйлчилгээг шинэ төвшинд гаргах зорилгоор “Ухаалаг автобус” хөтөлбөрийг хэрэгжүүлээд нэг жилийн нүүрийг үзжээ.

Тэгвэл маргаашнаас буюу 4-р сарын 1-ний өдрөөс бүх иргэд картаар зорчих болсныг дахин анхааруулъя. Үүний дагуу  “Улаанбаатар смарт карт” компаниас   хотын хэмжээнд нийтийн тээврийн карт цэнэглэх, борлуулах 480 цэг байгааг даруй 500-д хүргэхийг зорьж байгаа бөгөөд цаашлаад  20 мянган  ширхэг картыг хороодын нийгмийн ажилчидтай хамтран, нийгмийн зорилтот бүлгийн хүмүүст үнэгүй тараах ажлыг хийж байна. Автобусны мөнгө хийдэг хайрцагийг задлахад хуйлсан цаас, чихрийн цаас, тал мөнгөн дэвсгэрт, эвлүүлж наасан мөнгө тэр ч бүү хэл ариун цэврийн хэрэглэл хүртэл гарч ирж байгаагаас үзвэл иргэдийн ухамсар ямар төвшинд байгааг харж болно.

Автобус компаниуд ч өмнөхөөсөө илүү алдангитай ажиллаж мөнгө хийдэг хайрцагт иргэд ганданд байгаа аятай хүссэн мөнгөө хийдэг болчихсон байсан нь худал биш. Ийнхүү туршилтын хугацаа дууссан бөгөөд маргааш зөвхөн карттай хүн л автобусаар зорчино гэдгийг иргэд мартаж болохгүй.