СӨҮЛ./Yonhap/. Дэлхийн II дайны үед Японы Эзэн хааны армийн цэргүүдийн бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан солонгос эмэгтэйчүүд буюу “зугаацуулагч эмэгтэйчүүд”-ийн нэг нь өнөөдөр нас барсан тухай Өмнөд Солонгосын иргэний нийгмийн нэгэн байгууллага мэдэгдлээ.
 
“Японы армийнхны хүчирхийлэлд өртөж байсан эмэгтэйчүүдэд туслах Солонгосын зөвлөл” байгууллагын мэдээлснээр, “зугаацуулагч эмэгтэй” байсан И Сон Док өнөө өглөөний 7:30 цагт 99 насандаа өөд болжээ. Ингэснээр япончуудын өдөөсөн дайны гэмт хэргийн хохирогчдоос амьд сэрүүн байгаа нь ердөө 38 боллоо. Анх Өмнөд Солонгосын засгийн газраас гаргасан “зугаацуулагч эмэгтэйчүүд”-ийн жагсаалтад 238 хүн эмэгтэй байжээ.
 
Түүхчдийн тооцоолсноор, Өмнөд Солонгосын голдуу 200 мянга хүртэлх тооны эмэгтэйг дэлхийн II дайны үед япон цэргүүдэд зориулсан “янхны газар”-т ажиллуулж байжээ. Япончууд 1910-1945 онд Солонгосыг колоничилж байсан билээ.
 
Г.Доржханд
 
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг