“Номин холдинг”-той холбоотой дуулиан байсхийгээд л гардаг. Тэгвэл энэ удаа “Номин фейшн” ХХК-ийнхан хүний аминд хүрэх шахжээ.

Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Номин фейшн” ХХК-ийн “Номин их дэлгүүр”-ийн бэлэн хувцасны “Теранова” тасгийн дүүжин тааз нурж, дөрвөн иргэн гэмтэж, олон хүнийг сандаргасан хэрэг гарсан байна.

 Тодруулбал 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 12 цаг 29 минутын орчим уг брэндийн хувцас борлуулдаг тасгийн 15х20 хэмжээтэй дүүжин тааз нурж 3-44 насны дөрвөн хүн бэртсэн байна. Улмаар нуранганд дарагдаж бэртсэн хүмүүст аврах ангийн алба хаагчид эмнэлгийн  анхны тусламж үзүүлж, ЯТТТөв 103-т хүлээлгэн өгсөн бол өдгөө ГССҮТ эмчлүүлж байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ.

 Осол гарсан шалтгаан нь “Номин фейшн” ХХК-ийн үйлчилгээний зориулалттай 1 давхар барилгын угсармал төмөр бетон нүхт хавтан хучилтад бэхэлсэн гипсэн дүүжин таазны төмөр рамыг стандартын дагуу угсраагүй, бэхэлсэн бэхэлгээг зориулалтын бус аргаар бэхэлсэн, чанарын шаардлага хангаагүй материал /тэлэгч боолт/ ашигласан. Энэ нь ашиглалтын хугацаанд олон тооны гэрэл дүүжилсэн, гипсэн таазны өөрийн жинг дийлэхгүй байсаны улмаас бэхэлгээ хэсгээрээ суларч унасан нь осол гарахад нөлөөлсөн гэдэг дүгнэлтийг  Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас гаргасан байна.

 “Номин фейшн” ХХК нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 /Аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэлийн орчин нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүлахуйн стандарт, шаардлага хангасан байна./, “Барилгын тухай” хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 /механик аюулгүй байдлыг хангах: барилга байгууламжийн материал, хийц, бүтээц, эдлэхүүн нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх тогтвортой байх;/, 11.1.5 /барилга байгууламж ашиглагчдын аюулгүй байдлыг хангах: барилга байгууламж ашиглалтын явцад хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулахгүй,… эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй байхаар төлөвлөгдөн баригдсан байх/-д заасныг тус тус зөрчсөн болохыг Нийслэлийн мэргэлжийн хяналтын газраас тогтоожээ.

 Улмаар “Номин фейшн” ХХК-ийн “Номин их дэлгүүр”-ийн бэлэн хувцасны /Терранова/ тасгийн үйл ажиллагааг зөрчил арилгах хүртэл хугацаагаар улсын ахлах байцаагчийн  актаар хэсэгчилэн зогсоосон байна.

 

Б.Энхжин

www.24tsag.mn