Сүүлийн үед интернет, олон нийтийн сүлжээгээр Хөдөлмөрийн гэрээгээр Солонгос руу явуулж өгнө гэсэн худал мэдээлэл их тархаж байна. Тиймээс Солонгос улсад хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдэд  сэрэмжлүүлэх зорилгоор дараах албан ёсны мэдээллийг өгч байгаа тул анхаарал  сэрэмжтэй байж өөрсдийгөө хохироохгүй байхыг  хүсье.

 

БНСУ-ын ажил олгогч ба монгол ажилчдыг зуучлах, сонгох үйл явцыг “Гадаад ажилчдын хөдөлмөр эрхлэлтийн тухай хууль“ –д заасны дагуу зөвхөн БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам  хариуцах ба бусад  хувь хүн, аж ахуйн нэгж нь гадаад ажилчныг сонгон шалгаруулах, зуучлах, ажилд авах үйл ажиллагаанд оролцох боломжгүй.

 

“Гадаад ажилчны хөдөлмөр эрхлэлтийн тухай хууль”-ийн 8.6 (гадаад ажилчинд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл  олгох)-д “Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны харьяа орон нутгийн хөдөлмөрийн засаг захиргааны нэгж биш аливаа этгээд нь гадаад ажилчныг сонгон шалгаруулах, зуучлах, ажилд авах үйл ажиллагаанд  оролцож болохгүй” гэж заасан.

 

БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам нь ажил олгогчийн ажилд авахыг хүссэн ажилчны иргэншил, нас, хүйс, СХТТШ-ын оноо зэргийг харгалзан түүнээс 3 дахин  их тооны  ажилчдыг санал болгох бөгөөд ажил олгогч нь санал болгосон ажилчид дундаас  ажилчнаа эцсийн байдлаар сонгож авдаг.

 

Иймээс урьдчилгаа төлбөрөө хийвэл явуулж өгнө гэсэн зарлал нь үнэн байх ямар ч боломжгүй тул тэдгээр хүмүүст мөнгө төгрөгөө өгч залилуулахгүй байхыг анхааруулж байна.