Улаанбаатар / МОНЦАМЭ/. Япон улсад  2014 оны 12 дугаар сард  зохион байгуулагдсан “Дэлхийн Буддистуудын Дээд Хэмжээний Чуулган"-ы VI уулзалтаас жил бүрийн 4 дүгээр сарын 8-ны өдрийг “Олон Улсын Бурханы Шашинтнуудын Өдөр” болгохоор тунхагласны дагуу Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд өнөөдөр ёслол, айлтгалууд хийж байна.

Энэ өдрийг буддын шашныг сүсэглэдэг дэлхийн 41 орны хамтаар Монгол Улсын буддын шашинтнууд тэмдэглэж байгаа бөгөөд 2015 оноос жил бүр ёсолж ирсэн юм. Гурав дахь жилдээ энэ өдрийг  монголын лам хуврагууд  сүсэгтэн олныхоо хамт хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэх хөтөлбөр гаргасан байна. Өнөө өглөө 11 цагт Гандантэгчэнлин хийдийн Мигжэд Жанрайсигийн өмнөх талбайд  Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц мэндчилгээ дэвшүүлж, айлдвар айлдлаа. Айлтгалын дараа  Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц тэргүүтэй зочид төлөөлөгчид Мигжэд Жанрайсиг бурханд хадаг, зул сэлт тахил өргөв. Сүсэгтэн олныхоо хамт  лам хуврагууд төр түмний их шүтээн, Мигжэд Жанрайсиг бурханд яг одоогоор Мандал  өргөж байна. мандал өргөсний дараа  лам хуврагууд, сүсэгтэн олондоо зориулан  Гавсүм, Шашин дэлгэрэхийн ерөөл, Жинлавцогзол, аравдугаар  Богдын нүржин солдэв зэрэг номуудыг хурна.

 Төр түмний их шүтээн Мигжэд Жанрайсиг бурханы өмнөх талбайд сүсэгтэн олон болон сонирхсон иргэд, гадаадын жуулчид гэрэл зураг татуулан мөргөл ёслол үйлдэж байна.  Их үдийн үеэр  Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам дахин  айлдвар ерөөл айлдана гэж  зохион байгуулах комиссоос мэдээллээ.