Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр өнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцох үеэр Япон Улсад дадлагажигч илгээх асуудлаар тайлбар хийлээ.

Тэрбээр, “Японы тал гадаадаас дадлагажигч авах эрх зүйн орчноо баталсан. Энэ ажил 10 дугаар сарын 28-нд эхэлнэ.

УИХ-ын даргын болон Ерөнхий сайдын тус улсад хийсэн айлчлалын үеэр Японы Ерөнхий сайд, мөн Хөдөлмөр, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдтай уулзаж, манай тал Төлөөлөгчийн газраа байгуулж ирэх жилүүдэд 50 мянган дадлагажигчийг илгээх хүсэлтээ албан ёсоор тавьсан.

Тус ажлын хэрэгжилтийг хангах үүднээс Япон Улсад Төлөөлөгчийн газраа байгуулах шаардлага үүссэн. Энэ хүрээнд төсвийн тодотголд 288 сая төгрөгийг тусгах хэрэгтэй болоод байна. 50 мянган залуу тэнд сурна, ажиллана гэхээр нэг цэгийн үйлчилгээ зайлшгүй шаардлагатай.

Японы тал хуулиа баталсан учир ирэх 6 дугаар сард багтаж гэрээ байгуулахаар хоёр яам ажиллаж байна" гэлээ.