Дорнод аймгийн төвийн Найрамдал паркад босгосон “Ээж ээ, сайн байна уу” хөшөөний хүүгийн баримлын гарыг хугалжээ.
 
Тус хөшөөг өнгөрсөн онд 42 сая төгрөгөөр барьж байгуулаад байсан юм. Одоо эргэн засварлахад 10 гаруй сая төгрөг шаардлагатай гэнэ. Өмнө нь Найрамдал парк дахь зураач П.Мэйлс агсны хөшөөний гарыг мөн хугалж, түүнчлэн шинэ жилийн үеэр Тусгаар тогтнолын талбайд босгосон сүлд модны чимэглэлийг хулгайлсан хэрэг гарч байсан удаатай. П.Мэйлс агсны хөшөөг л гэхэд 5 сая төгрөгөөр сэргээн засварлаж байв. Ийнхүү нийтийн эзэмшлийн эд зүйлсийг эвдэн сүйтгэдэг, хулгайлдаг хэргийн эзэн холбогдогч өнөөг хүртэл олдоогүй байна. Хөшөө дурсгалыг зэсээр хийдэг гэж хүмүүс ойлгодгоос энэ мэт явдлууд гарч байгаа гэсэн таамгийг хууль хяналтынхан хэлж байгаа юм.
Б.Туяа
Эх сурвалж :Монцамэ агентлаг