Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өчигдөр хуралдаж, энэ жилийн наадмын төсвийг 2.7 тэрум төгрөг байхаар тогтжээ. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн ахалдаг энэхүү хорооны шийдвэрийг удахгүй Засгийн газрын ээлжит хуралдаанаар оруулж батлах аж.

Эх сурвалжийн мэдээлснээр баяр наадмыг зохион байгуулах салбар хороодоос нийт дөрвөн тэрбум 376.5 сая төгрөгийн зардлын санал ирүүлсэн байна. Гэвч эдийн засгийн хямрал зэргийг тооцож дээрх тоог Засгийн газрын ээлжит хуралдаанаар оруулахаар болжээ. Энэ нь өнгөрсөн оны баяр наадмын зардлын гүйцэтгэлээс 143.8 сая төгрөгөөр бага буюу буурсан байна. Энэ талаар Шадар сайд У.Хүрэлсүх “Үндэсний их баяр наадам бол жилдээ ганц удаа болдог Монгол түмний баяр. Тиймээс төрийнхөө их наадмыг сайн зохион байгуулах ёстой. Гэхдээ засаг төр мөнгө багатай байгаагийн зовлонг бас ойлгох хэрэгтэй. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэдэг. Тиймээс төсөвтөө тааруулаад, чанартай сайн зохион байгуулах зорилгоор бэлтэл ажлаа сайтар базаах хэрэгтэй. Шаардлагатай газарт зохион байгуулах комисс очиж ажиллаж, бодит байдалтай талилцаарай” гэв.
Харин Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баярын нээлтийн арга хэмжээг УДЭТ-ын Ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулахаар болжээ. Тэрбээр өнгөрсөн жил анх удаа үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолын ажиллагааг найруулсан билээ. Ингэхдээ Марзан Шарав гуайн алдарт бүтээл “Монголын нэг өдөр” зураглалыг цэнгэлдэхэд дэлгэж, Хүннү гүрнээс улбаатай Монголын түүхийг харуулсан байдаг. Түүний дэглэсэн наадмын нээлтийн арга хэмжээ уран бүтээлчид, армийн албан хаагч, ахлах, офицерууд болон арын албаныхан гээд 1500 хүний хөдөлмөрөөр бүтсэн юм. Тэгвэл энэ жилийн наадмын урлаг соёлын арга хэмжээний зардлыг нэг сая 39 мянга 560 төгрөгөөр төсөвлөжээ. Үүнээс наадмын нээлт хаалтын үйл ажиллагааг зохион байгуулах зардалд 850 сая төгрөг, "Улаанбаатарын үдэш" цэнгүүнийг 198 сая төгрөг, Хүй долоон худагт болдог соёлын наадмыг 25 сая төгрөгөөр тус тус тооцсон байна.
Түүнчлэн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон Зам, тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Соёл урлагийн газар, Онцгой байдлыг ерөнхий газраас төлөөлөл багтаж байгаа юм. Тус хороо салбар ажлын хэсгүүдээс орж ирсэн зарим саналыг өчигдөр болсон хуралдаанаараа авч хэлэлцжээ. Тухайлбал, бөхийн засуул нарт энгэрийн микрофон зүүлгэх зардалд зургаан сая төгрөг нэмж тусгах санал оруулж, дэмжүүлэв. Ингэснээр бөхийн барилдааны үеэр үүсдэг зарим асуудлыг шийдэх боломжтой болж байна. Мөн сурын харвааны талбайд жуулчдын тусгай асар барих ажлыг зохион байгуулах шаардлагатай байгааг баяр наадам зохион байгуулах хорооноос онцоллоо. Учир нь, сурын харвааны талбайд жуулчид олноор ирдэг бөгөөд харваачидтай нэг асарт суухаар зохицуулагддаг билээ. Харваачдын асар дүүрсэн үед ихэнх жуулчид зогсож сур харваа үзэх нөхцөл байдал үүсдэг. Тиймээс гурван эгнээ суудал бүхий жуулчдын асрыг 55 сая төгрөгөөр шинээр барихаар тооцож, зураг төслөө боловсруулаад байгаа аж. Гэхдээ уг асуудлыг нийслэл газар дээр нь очиж, танилцаж шийдвэрлэхээр болжээ. Үндэсний баяр наадмаас олох нийт орлогыг 393 сая төгрөгөөр төсөөлж, зардалд оруулахаар төсөвлөөд байна.