Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн байрлалын район Төв аймгийн Алтанбулаг сумын Очир толгой орчимд 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн бэлтгэлийг хангах үед гарсан ослын улмаас хоёр албан хаагч амиа алдаж, найман цэргийн алба хаагч шархадсан.  

 

Тэгвэл амиа алдсан ахмад Б.Мөнгөншагайг тэсэрч буй гранат дээр цээжээрээ хэвтэн, өөрийнхөө амийг золиослож, бусдыгаа аварчээ. Энэ талаар  БХ-ын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын орлогч дарга Ж.Бадамбазар нар ар гэрийнхэнд нь мэдэгдсэн байна.

 

Ж.Бадамбазар “Талийгаач зүгээр ч нэг үхээгүй ээ, бусдыгаа хамгаалах гэж өөрөө тэгж эрсдсэн байсан” гэдгийг талийгаачийг сүүлийн замд нь үдэх үеэр  хэлсэн байна. Мөн энэ үеэр хүндэт харуулууд жагсч, үлээвэр найрал хөгжмийнхөн ирж гашуудлын хөгжим тоглоод, газар дээр нь очоод ёслолын буудлага хийжээ.