Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласантай холбогдуулан харьяа байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, иргэд үйлчлүүлэгчдийн санал хүсэлтийг сонсох зорилгоор  энэ сарын 24-нөөс эхлэн Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулж буй.

Энэ хүрээнд өнөөдөр Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн нийтийн биеийн тамир, спортын хорооноос харьяа байгууллагуудтайгаа хамтран“Нээлттэй хаалганы өдөрлөг”-өө зохион байгууллаа. Тус арга хэмжээний нээлтэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон албаны бусад хүмүүс оролцсон юм. “Нээлттэй хаалганы өдөрлөг”-өөр дамжуулан Нийслэлийн эрүүл мэндийн газар болон түүний харьяа байгууллагууд үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчлан таниулж, эмнэлгийн тусламж үйлчилгээ болон эрүүл мэндийн зөвлөмжийг хүргэхээр зорьжээ.

Тухайлбал, нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвөөс иргэдийн цусны даралтыг хэмжих, сахарын хэмжээг тодорхойлох, биеийн жингийн индекс тооцох зэрэг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүргэхийн сацуу халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг, сургалт сурталчилгааг хийсэн юм. Мөн нийслэлийн “Өргөө” амаржих газраас эх, нярайн асаргаа, сувилгааны талаар охид эмэгтэйчүүдэд зориулсан зөвлөмжийг тараасан бол, Шүд эрүү нүүрний төвийн эмч, мэргэжилтнүүд амны хөндийн эрүүл мэндийн талаар сургалт явуулж, иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийлээ.

Түүнчлэн нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвөөс хачигт халдвар, тарваган тахал, боом зэрэг зоонозын өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөж, сонирхолтой үзмэрүүдээ дэлгэсэн. Нарколоийн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд энэ хүрээнд архи, тамхины хор уршгийг иргэд, олон нийтэд таниулан сурталчилж, үйлчлүүлэгчдийн цусан дахь сахарын хэмжээг тодорхойлж өгсөн байна.

Өдөрлөгийн үеэр Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвөөс ахмадын хийн дасгал,  Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвөөс аэробек болон ахмадын иогийн дасгал хөдөлгөөн, нийслэлийн Түргэн тусламжийн төвөөс эмнэлгийн анхны болон амилуулах суурь тусламж үзүүлбэх сургалтыг хийж үзүүллээ.