29-р сургуулийн нийт сурагчдын гурван хувь нь бэлгийн дарамтад өртсөн гэсэн судалгаа гарсан. Үүнтэй холбоотойгоор БСШУ-ны сайд, ЦЕГ-ын дарга нар хамтарсан тушаалаар ажлын хэсэг гарган 29-р сургуульд ажлын хэсэг гарч, хэн хэн гэж багш бэлгийн дарамт учруулж байгааг тогтоохоор ажиллаж байгаа.

29-р сургуулийн сурагчдын эрх ашгийг хамгаалахын төлөө бичсэн, сурвалжилсан сэтгүүлчид өнөөдөр цагдаад шалгагдаж байгаа. Тодруулбал Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтэст хэргийг шалгаж байна. Цагдаагийн байгууллагад өргөдөл ирсний дагуу 29-р сургуулийн асуудлаар цагдаагийн байгууллага хангалттай шалгаж байгаа. 

Ийм байхад өчигдөр 29-р сургуулийнхан ЦЕГ-ын үүдэнд жагсана гэж байснаа болиод Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн гадна жагсаал хийх зар сэтгүүлчдийн дунд түгээсэн. Гэвч жагсаал нь шаардлага хүргүүлэх асуудал болж таарсан. Энэ үеэр “Бид дөрөвдүгээр сарын 7, 8-ны үеэр цагдаагийн байгууллагад үнэхээр хүүхдийг хүчирхийлдэг гэмт хэрэгтэн байгаа бол олоод тогтоогоод өгөөч. Хохирогчийг нь олоод өгөөч. Хэрвээ тийм этгээд байхгүй бол бид хэвийн ажиллаж амьдрах эрхээ эдэлмээр байна. Хүүхдүүдийг хүчинддэг, зоддог, багш нар ажлын байран дээр бэлгийн харилцаанд замбараагүй ордог гэсэн ийм доромжилсон, гүтгэсэн юмыг эзэн холбогдогчгүй тараагаад байна. Ард иргэдийг төөрөгдүүлээд байна гэсэн гомдол гаргасан байгаа. Энэ гомдлын хүрээнд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтсээс арваад хүний бүрэлдэхүүнтэй мөрдөн шалгах хэсэг гарсан. Энэ ажлын хэсгийн ахлагчид хэргийг хурдан шийдвэрлээд өгөөч гэдэг хүсэлтийг удаа дараа гаргасан. Үүний дагуу тухайн ажлын хэсгийнхэн 29 дүгээр сургууль дээр ажиллаж байгаа. Энэ хооронд зарим нэг этгээдүүд тэр сургууль дээр дураараа орж гараад, ярьж, сонсож чадахгүй, хэл ярианы хөгжил муутай хүүхдүүдийн яриаг хэн нэгэн ашиг сонирхлын зөрчилтэй хүнээр орчуулуулаад тараагаад байгаа нь хуульд нийцэхгүй байна. Энэ нь өөрөө бусдын нэр төр, алдар хүндийг зөрчиж буй хэрэг. Үнэхээр хохирогч, гэмт этгээд нь олдохгүй байна. Цагдаагийн байгууллага олж чадахгүй байхад яагаад зарим этгээдүүд олчихоод нуугаад байгаа юм бэ” гэж ярьж байх юм.”

Яг үнэндээ ажлын хэсгийн дүгнэлтийг гарах хүртэл 29-р сургуулийнхан хүлээцтэй хандах учиртай байсан. Өөрсдийгөө өмгөөлж байгаа нь өнөөдөр тэднийг муухай харагдуулж байгаа нь үнэн.

Нөгөө талаас өөрсдийгөө өмгөөлж байгаа энэ үйлдэл чинь бэлгийн дарамтад орсон хүүхдүүдийн сэтгэл зүйд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг бодоод үзээрэй. Чадахгүй бол тэдний оронд өөрсдийгөө тавиад бодоод үз.

29-р сургуулийн захирал нь хүртэл бэлгийн дарамт гэдэг үгний утгыг гуйвуулан ярьж байгаа бичлэг цахим орчинд тарсан.

Ямартай ч өнөөдөр 29-р сургуулийн  захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлж байна. Тиймээс ажлын хэсгийн дүгнэлтийг гарах хүртэл ядаж 29-р сургуулийнхан өөрсдийгөө өмөөрөх биш харин сурагч хүүхдүүдтэйгээ ярилцаад өөрсдийнхөө алдаа дутагдлыг засах дээр анхаарах нь зүйтэй биз...

Бушуу туулай борвиндоо баастай, яарсан хүн даарна гэдгийг ядаж санаад цагдаа, шүүх гэм бурууг нь тогтоох хүртэл 29-р сургуулийн сурагчдын эрх ашгийг бодоод одоо багш ажилчид нь өөрсдийгөө өмгөөлөхөө түрдээ азнамаар юм.