Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт 2017.01.31-ний өдөр Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн удирдлагаас “тус ангийн дэд ахлагч Э.Э нь байлдагч Ж.Б, Т.Н, С.С, Г.Б нарыг хөл нүцгэн гүйлгэж хөлийг хөлдөөж гэмтэл учруулсан тухай” мэдээлэл иржээ.

 

Уг мэдээллийн дагуу  Э.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 277 дугаар зүйлийн 277.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна. Хэрэг Дорноговь аймгийн Сайншанд сумын тавдугаар баг Зэвсэгт хүчний 336 дугаар ангид 2017.01.24-25-нд шилжих шөнө 04:00-05:00 цагийн хооронд үйлдэгдэж, байлдагчдын биед хөнгөн болон хүндэвтэр гэмтэл учирсан нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон байна.

 

Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас тус хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж дуусган 2017.04.14-нд аймгийн прокурорын газарт шилжүүлж, улмаар хэрэг шүүхэд шилжсэн байна.

 

Б.Ариун

24tsag.mn