Найз залуутайгаа хамт амьдрахын тулд өөрийн төрсөн хүүхдээ Бөмбөгөр худалдааны төвд төөрүүлсэн хэрэг гарсан байна. Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-нд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст “Бөмбөгөр худалдааны төвд бага насны хүүхэд төөрсөн байна” гэх дуудлага мэдээлэл иржээ.

Мэдээллийн дагуу шалгахад 24 настай эмэгтэй Ч, эрэгтэй С нар нь нэг ой долоон сартай охиныг “Бөмбөгөр” худалдааны төв дотор төөрүүлж, зугтсан байжээ. Хүүхдээ төөрүүлсэн этгээдүүдийг эрэн сурвалжлах арга хэмжээ авч, хяналтын камерын тусламжтайгаар илрүүлсэн гэнэ.

Одоогийн байдлаар бага насны хүүхэд төөрүүлсэн этгээдүүдэд  Эрүүгийн хуулийн 117.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа цагдан хорих 461-р ангид цагдан хориод байгаа юм байна.

Харин Эрүүгийн хуулийн дээрх заалтад “Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ хаясан, төөрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” хэмээн заасан байдаг аж.