Цэргийн дээд цол авахын тулд хүний өвчин зовлонгоор ч далимдуулсан гэх яриа Зэвсэгт хүчний алба хаагчид, тэр дундаа Агаарын цэргийн штаб, харьяа анги салбаруудаар нь жиг жуг гэлцэх болов. Батлан хамгаалахын дэд сайд асан, эдүгээ Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж буй А.Баттөрийн хүн гэгдэх бригадын генерал Б.Батбаяр ЗХЖШ-ын Агаарын цэргийн командлалын штабын даргаар томилогдоод жил гаруй өнгөрч байна. БХЯ-ны Барилга захиалагчийн алба, Тендерийн үнэлгээний хороонд ажиллаж байгаад “Шаардлага хангахгүй” гэсэн үндэслэлээр бараг л хөөгдөх шахуу болсон юм билээ. Тэр үед А.Баттөр зөвлөх Агаарын цэргийн командлалын штабын даргаар томилуулсан нь хариуцлага тооцсон гэх үү, шагнасан гэж үзэх үү. Үүнийг тайлбарлах хүн алга. Зэвсэгт хүчинд тогтолцооны завхрал нүүрлэсний тод жишээ нь энэ. БХЯ-нд багтаж шингэхээ больсон нөхөр сар гаруй “лааз өшиглөж байснаа”  гэнэт л Агаарын цэргийн командлалын штабын дарга болчихоод байгаа юм. Тэрбээр хууль хяналтын байгууллагын хаалгыг нэг бус удаа татаж, хамгийн сүүлд бригадын генерал Ч.Дашдэлэгийн холбогдсон хойд солонгосчуудад онгоцны мотор зарсан хэрэгт хүртэл дуудагдаж явсан нэгэн юм билээ.

Бригадын генерал Б.Батбаярын хувьд хүн чанар нь хог дээр үсэрсэн эр бололтой. Нэг хэсэг хэвлэлээр “Алдар” спорт хорооны тамирчин, чөлөөт бөхийн дэлхийн аварга, Гавьяат тамирчин С.Цэрэнчимэдийн байрыг будилаантуулсан дуулианд А.Баттөрийнхөө хамт нэр нь холбогдож явсан юм. Тэгвэл хүн чанараа гээж, генерал цол авахаа л дээгүүрт тавьсан нэгэн байж гэх яриа ЗХЖШ, Агаарын цэргийн командлал, харьяа анги салбаруудаар нь ярих болж. Зэвсэгт хүчий 353 дугаар ангийн захирагч, хурандаа Мөнхбат хүндээр өвдөж,  анги салбар, командлал нь сэтгэлийн дэм өгөх аян зохион байгуулан, тал талаасаа мөнгө цуглуулцгаажээ. Зөвхөн агаарын цэргийн командлалаар тогтохгүй ЗХЖШ-ынхан ч хандив өргөсөн гэх. Нийт долоон сая төгрөг цугларсан аж. Гэтэл тэр бүх хандив зориулсан эзэндээ очоогүй гэнэ. ЗХЖШ-ын эх сурвалж “2015 оны арванхоёрдугаар сард Налайхын 337 дугаар ангийн нисдэг тэрэг осолдож, хүний амь үрэгдсэн явдлаас хойш нэг их удалгүй “дахиад нэг офицер хүнд өвлөө” гээд хандив цуглуулсан. Алба хаагчид нэг өдрийн цалингаа хандивласан шүү дээ” хэмээн ярьсан юм. Уг мөнгөнөөс ердөө 500 мянгыг л хурандаа Мөнхбатынд  Зэвсэгт хүчий 065 дугаар ангийн захирагч, хурандаа Энхбор аваачиж өгөөд, бусдыг нь Агаарын цэргийн командлалын штабын дарга, тухайн үед хурандаа цолтой байсан Б.Батбаярт өгчөө. Уг мөнгийг нь Б.Батбаяр цэргийн дээд цол авах бэлтгэл ажилд зарцуулсан гэсэн яриа хамт олных нь дунд хүчтэй яригддаг юм байна. Б.Батбаярын тодорхойлолт нь Ерөнхийлөгчийн Тамгын газар очоогүй байхад бригадын генерал цол олгох зарлиг гарсан гэгддэг юм билээ.