Цэргийн төв эмнэлгийн Гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан 54 настай иргэн зургаан давхраас унаж амиа алдсан харамсалтай хэрэг  энэ сарын 2-ны өдөр гарсан. Тус эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч, дэд хурандаа Т.СҮХБААТАРААС хэргийн талаар тодрууплаа
 
- Хохирогч танайд ямар эмчилгээ хийлгэж байсан юм бэ?
 
-Хохирогч  хэрэг гарсан өдрийн 14.00 цагт манай эмнэлэгт ирсэн. Цээж, зүрхэн тус газраа хутга мэсний дөрвөн шархтай, нэлээд цус алдсан байдалтай ирсэн. Эмч сувилагч нар хуулийн байгууллагад хандсан.
 
Үүний  дагуу цагдаагийнхан ирж яагаад өөрийгөө хутгалсан талаарх мэдүүлэг аваад явсан. Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ажилтнууд үзлэг хийсэн. Эмнэлгийн зүгээс шуурхай ажиллаж цусыг нь тогтоон амийг аварсан. Цээжний хөндийд нь гуурс  тавьж илүүдэл цусыг шавхсан. Гэвч сувилагч эмчилгээ хийж дуусаад гуурсаар гарсан цусыг асгахаар гарах тэрхэн хооронд энэ харамсалтай хэрэг гарсан.
 
-Амиа хорлох ноцтой шалтгаан байсан юм болов уу?
 
-Хэргийг цагдаагийнхан шалгаж байгаа.Хохирогч цэрэг, цагдаагийн байгууллагад ажилладаггүй энгийн иргэн. Харин сэтгэцийн хувьд хэвийн биш байдалтай ирсэн. Тухайн үедээ сэтгэл нь тогтворгүй, нэлээд өөрчлөлттэй байсан
.
-Эмнэлэг өвчтөний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй биз дээ?
 
 -Эмнэлгийн байгууллага тул цонхуудыг торлоод агаар салхийг нь  хаагаад байх боломжгүй. Саатуулах, хорих байр биш шүү дээ. Харин тухайн өрөөнд байсан бусад өвчтөнүүдийг  тайвшруулж, сэтгэл зүйн талаас нь эмчлэх ажлыг зохион байгуулсан.
 
Д.Мягмаржаргал