Сүхбаатарчууд шударга ёсыг  хайж, нийслэлийг зорьж явна. Тус аймгийн АН-ын гишүүд болон төрийн албанаас хууль бусаар халагдсан  80 гаруй иргэний төлөөллөөс бүрдсэн суулт 3 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн сар гаруй үргэлжилсний эцэст өнөөдөр морин цагт 20 прүсс машинтай, 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй цуваа Баруун-Уртаас хөдөллөө.

Тус аймгийн ИТХ-ын 3-р тойрогт ялалт байгуулсан П.Мөнхжаргалын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь ИТХ бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдах боломжийг бүрдүүлэхгүй байгаа юм. Түүгээр ч үл барам хоёр удаа 48,4 хувийн ирцтэйгээр хуралдаж, тэрхүү ирц бүрдээгүй, хууль бус хурлаараа төсвийн тодотгол, Засаг даргын үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг чухал асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Түүнчлэн Ардчилсан нам ялсан сумдын Засаг дарга нарыг томилохгүй төрийн ажлыг гацаасаар байна. Ийнхүү иргэдийн сонголтыг үл хүндэтгэн, эрх ашгийг нь зөрчиж байгааг мөн хууль бус халаа сэлгээ, томилгоонуудыг эсэргүүцсэн шаардах бичгийг суултад оролцогчдын зүгээс аймгийн удирдлагуудад удаа дараалан хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл ямар ч арга хэмжээ аваагүй аж.

Суулт эхэлснээс хойш 4-р сарын 3-ны өдөр Сүхбаатарын талбайд Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн төлөөлөл болох 2000 орчим хүн оролцсон тайван жагсаалыг зохион байгуулсан. Мөн хоёр долоо хоногийн өмнө УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн ч тэрбээр өөрийн гаргасан хууль бус захирамжаа хамгаалаад өнгөрсөн байна.

Энэ удаа тэд улсын нийслэлдээ тайван жагсаал хийх хүсэлт гаргасан ч  нийслэлийн ЗДТГ-аас зөвшөөрөл өгөөгүй аж. Гэвч Сүхбаатарчууд зөрчигдөж буй эрх ашгаа хамгаалуулахаар Улаанбаатар руу ирж явна. Өнгөрсөн баасан гарагийн чуулганаар УИХ-ын гишүүн Л.Болдоос тавьсан асуулгыг хэлэлцэх ёстой байсан ч хойшлуулсан, тиймээс маргааш /2017.05.04/-ийн чуулганаар уг асуудлыг хэлэлцүүлэх шаардлагыг мөн тавих аж.