Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлд /МБНЭ/-д нэгэн залуу бүсгүй хандсан юм. Шалтгаан нь тэдний шүтдэг бөө нь 80 гарсан настай ээжийг нь удаан хугацаанд ирэлгүй шүтээнээ гомдоолоо гэж хэвтэрт ортол “бардагдсан” явдал байлаа.

Тэгээд түүнийг гай барьцадаас нь аварсан гэсэн тайлбар өгчээ. Ганц нэг ороолгох нь байж болох зүйл хэмээн зөвшөөрч болох боловч, хэвтэрт ортол зодохыг тэвчихийн аргагүй зүйл. Цаашилбал хүний эрх чөлөө, эрүүл мэндэд халдсан гэмт хэрэг билээ. Түүгээр зогсохгүй бөөг эртний хуучинсаг, бүдүүлэг, харгис, хатуу харагдуулах үйл болж харагдаж байна.

Хэн нэгэн нь ирсэнгүй хэмээн шүтлэгтэнээ дарамталж, бусдын эрх чөлөөнд бүдүүлгээр халдах эрх хуулиар олгогдоогүйг ийм зан ааштай сахиустай бөө нар ямагт санаж ажиллах ёстой. Учир хэдхэн алхамын цаана энэ үйлдэл нь хүний эрх чөлөөнд халдсан гэмт хэрэг болж хувирах аюултай. Зодуулсан биеэ шүүх эмнэлэгт үзүүлээд, өргөдөл бичихэд эрүүгийн хэрэг үүсэх болно.
Тэгээд ийм зан үйл хийснийгээ би биш, сахиусийн үйлдсэн гэж тайлбар өгөөд нэмэргүй. Шүтлэгтэн нар голдуу бөө нартаа хүндэтгэлтэй хандаж олон зүйлийг тэвчээд өнгөрдөгийг бид болоод байна гэж бодож болохгүй.
Хүн төрөлхтөний хөгжил өндөр түвшинд хүрсэн энэ цаг үед хүмүүсийн шашин шүтлэгийн явцад ихээхэн өөрчлөлт гарч байна. Өөрсдийн шүтлэгтэн нарын эгнээгээ тэлэх тэмцэл хүчтэй өрнөж байгаа үед ийм “зодож”, “нүдэх” харилцааны арга барил бидэнд саад болж байна. Харамсалтай нь ийм жишээ олон байгаа юм.


Баримттай жишээнд ярилцъя. Монгол бөөгийн хөгжил нэг үеэ бодвол цэгцэрч байна. Бас олон зүйл тодорхой болж байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, телевизээр өндөр цол хэргэмд хүрсэн цөөнгүй бөө тодорч байна. Бөөг сурталчилахад тэдний оруулж байгаа хувь нэмрийг зохих ёсоор үнэлдэг.
Гэвч зарим нэгний үйл хэмээс хэтэрч, ердийн үзэгдэл болж байна. Энд зарим нэгийг дурдахад шавийн тоо хэдэн зуу гэсэн заагийг давав. Харьцангүй залуу 30-40 насны зарим бөө нар 500-с дээш шавьтай, бөө болоод 3-4 жил болж байгаа улаач 100 гарсан шавьтай болжээ.
Дорноговь аймагт угаа аваад 4-н сар болж байгаа болон 8-н сар болж байгаа хоёр бөө нэртэн 100 орчим шавьтай болсон жишээ байна. Тэгээд жилдээ цөөнгүй удаа чанар хийж, “алба, татвар” мэт өргөл барьц авч амьдардаг нь нэгэнт тодорхой болчихсон байна. Шавийн тоогоо дагаад цөөнгүй хүний амьдрал, ахуйгаар “тоглочихдог жишээ” яригдаж байна.


Дархан аймагт байдаг нэгэн удганы зан үйлийн тухай мэдээлэл МБНЭ-д тодорхой баримттайгаар ирсэн юм. Ийм зан ааш гаргадаг сахиустай бөө нарт анхааруулах зорилгоор бичиж байна.


Шавь болон шүтэн бишрэгчээ заасан хугацаанд ирсэнгүй, сахиусандаа шүтсэнгүй хэмээн зодож нүддэг ёс зүйгүй үйлдэл энд харагдаж байна. Анх ураг удмын баяр нэртэй ах дүү нар хол ойроос цугларч, хоорондоо танилцаж баяр хөөр болжээ. Тэр баярын үеэр тэдний удмаас бөө тодорсоныг сонсож улмаар түүндээ хүндэтгэл үзүүлж, ёслол зан үйл болжээ.
Тэр бөөгийн багш нь телевизийн нэвтрүүлэгээр олон удаа гарсан нэгэн гэхээр зарим нь анзаарна байх. Тэгээд зөвхөн угийн баярт ирсэн ах, дүү нараасаа дөрвөн хүнийг бөөгийн угтай гэж тодруулж шавь “босгосон” байх юм.
Багш гэгч тэр удган сахиус оруулна гэж өдөр шөнөгүй суулгадаг. Толгой тархи, бие нуруу туруугүй зодож бардагддаг. Тэгээд буух болгондоо илүүр аваад ир, улайсгасан халуун илүүрээр нурууг хайрна, заазуур хутга газар шааж айлгадаг, гутлаа тайлаад шавийнхаа толгой руу тархийг нь хөдөлтөл нүддэг. Мөн ална шудна, амийг чинь авна, хад чулуу дэрлүүлнэ гэх зэргээр байнга дарамталж зоддог байна. Нэг удаа 99 удаа бардагддсан байгаа юм. Залуу хүн тулдаа л тэсэж гарсан байх гэж ярьж байна лээ.

Басхүү нүдэн дээр нь нэг залууг арьсыг нь хутгаар зүсэж юм бичсэн байгаа юм. Яагаад ингэх ёстой юм уу гэж асуухаар өөрийнх нь багш босгохдоо ингэж байсан, та нарт миний гаргаж байгаа үйлдэл юу ч биш гэж тайлбарладаг. Заримдаа багш нь тамлаж бараг 3 хоног цус нөжтэй хольж байсан гэж сайрхаж ярьдаг. Ирж уулзсан хүнийг харахын аргагүй нуруу нь хөх няц болсон, нүүр амыг нь хамаарахгүй цохиж өшиглөдөг хэмээн бидэнд зургаа үзүүлсэн юм. Харахад хүртэл аймар. Тэгээд түүнийгээ ингэж цагаатгасан байна.


Ирүүлсэн мессежээс:
NAMAIG UURUU TANIG ZODLOO GEJ ACHIRXAAD B.GAA YUM UU BI YAX GEJ TANIG ZODNO GEJ TEGEED CH ZODUUR BISH TANI AMI.G L BARDAGDAJ VLDEESEN B.A LEE SH DEE
Тэгээд шавь нар нь айсандаа хамаг юмаа барьж гүйж тал засан аргаддаг. Тэгээд би та нараас өргөл барьц авах гээгүй зүгээр л онгодыг чинь босгож өгөх гэж байна хэмээдэг гэнэ.
Ямар өвөг дээдэс гэхээрээ үр хүүхдээ зодож нүдэж, хараадаг юм бэ хэмээн аргаа барж асууж байлаа. Цөхрөнгөө барсан шавь нь би сахиус авахгүй зүгээр л амьдаръя гэхээр тэнгэрийн хууль гэж маш хатуу хууль бий. Хэлсэн амандаа хүрэхгүй бол амийг нь авч мордоно хэмээн айлгадаг байна.


Ирүүлсэн мессежээс:
TUSLANA GSN AMANDAA XVREXGVI BOL TANI SHIG ZURVVD UWUU NAR.T CHINI SHUNU BOLGON DEGLVVLEED BAIX TENXEE NADAD VNENDEE ALGA BAS YALT CH VGVI AX DVV XAMAATAN SADAN BOLOX.R XIIX ESTOIGOO L XIIJ B.A
Цагдаа сэргийлэхэд хэлнэ гэхээр би ингээгүй, би юу ч мэдэхгүй чиний сахиус миний биед орж ирээд чамайг ингэж байгаа юм хэмээн амыг нь тагладаг байна. Мөн би чамаас болж зовж байна. Чиний сахиус шөнө болгон орж ирээд хүн амьтан зодоод намайг амраахгүй би ажилдаа ч явж чадахгүй байна хэмээн ярьдаг гэнэ.


Ирүүлсэн мессежээс:
Ingehiig ni medsen bol haluun ulaissan ilvvriig ni uwuud chini bariuldag b.j l de.
Мөн шавиа “сүг” гэж дууддаг. Угаа авахгүй бол бөөгийн өвчинөөр өвчилж чи удахгүй галзуурч солиорно гэдэг. Мөн утсаар мессеж бичиж дарамталж сүрдүүлдэг.
Тэнгэрийн үйл хийдэг улс чинь энэрч хайрладаг байхад харин энэ хүн бол цус үзнэ ална хядна гэж байнга дарамталдаг байна. Тэгээд аргаа бараад цөхөрсөндөө бидэнд ирж хандсан юм.


Дээрх бөө нэртэн энэ байдлаа шууд таслан зогссохгүй бол МБНЭ нь дүгнэлт, тодорхойлолт гаргаад хуулийн байгууллагад асуудлыг шилжүүлэх болно.


Монгол бөөгийн нэрийг сэвтүүлэгч бөө нэртэн нарт тэнгэрийн хариуцлага гэж байдгийг мартах ёсгүйг сануулж байна.

 

Монголын бөөгийн нэгдсэн эвлэл