Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны харьяа Мэнэнгийн талын сав газрын захиргааны дарга Д.Батхүрэл 2014 оны 04 дүгээр сард С.Батцэцэгийг ажилд авахдаа түүнээс 1.000.000 төгрөгийг ажлын өрөөндөө бэлнээр авсан, 2015 оны 01 дүгээр сард иргэн Ө.Мөнхтуяаг Усны чанар, экологи, сургалт, олон нийттэй харилцах мэргэжилтнээр ажилд томилохдоо 1.000.000 төгрөг нэхэж хясан боогдуулах замаар хээл хахууль авсан хэргээр шүүхээс ял сонслоо.

 

Тодруулбал Д.Батхүрэл нь Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014.04.30-ний өдрийн Б-19 тоот тушаалаар 04 сарын 25-ны өдрөөс тус яамны харьяа Мэнэнгийн талын сав газрын захиргааны даргаар томилогдохоос 2 хоногийн өмнө уг албан тушаалд ажиллахаа мэдсэн үедээ буюу 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 16.00 цагийн орчимд С.Батцэцэгээс тус байгууллагад ажилд оруулж өгөхөөр урьдчилан амлаж, зээл нэрээр халхавчлан 1.000.000 төгрөгийн хээл хахуулийг ажлын өрөөндөө авсан

 

Мөн 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ажлын өрөөндөө тус газрын захиргаанд Усны чанар, экологи сургалт, олон нийттэй харилцах мэргэжилтний албан тушаалд томилогдох Ө.Мөнхтуяагаас хясан боогдуулах замаар урамшуулал хэлбэрээр 1.000.000 төгрөг өгөхийг шаардаж давтан үйлдлээр хээл хахууль авахыг завдсан гэмт хэргүүдийг үйлдсэн байна. Түүний энэ үйлдэл нь баримттай байдаг. Тодруулбал Д.Батхүрэл нь албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй буюу төрийн албаны зохих журмын дагуу шалгалт өгч тэнцсэн Ө.Мөнхтуяаг ажилд томилохоос өмнө “ Ер нь ажилд авахад урамшуулалгүйгээр хүн авна гэж байхгүй. Би нэгээр гарчихсан, одоо бол ер нь ядаргаа л байна гэж дотроо боддог бол тэрүүн шиг том эндүүрэл байхгүй шүү. Чамайг тэгс хийж байгаад л явуулчихна, чи дахиж төрийн албанд орж чадахгүй болно ”  гэж утсаар ярихдаа сүрдүүлсэн байгаа юм.

 

Өөрөөр хэлбэл хэн нэгнийг ажилд  оруулаад  мөнгө нэхдэг хурган дарга анхан шатны шүүхээс ял авлаа. Түүний гэм бурууг хэлэлцэх шүүх хурал нийт найман удаа болсон байдаг. Улмаар   Лхам овгийн Дагдандоржийн Батхүрэлийг албан тушаалын байдлаа ашиглан, албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж хээл хахууль авсан, мөн давтан үйлдлээр бусдыг хясан боогдуулах замаар хээл хахууль авахыг завдсан, Хээрдүүд овгийн Сугарын Батцэцэгийг албан тушаалтанд хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон Д.Батхүрэлийг тодорхой албан тушаал буюу төрийн албанд ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих, Д.Батхүрэлийн хувьд ногдох хөрөнгөнөөс 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг хурааж, 1 /нэг / жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1-д зааснаар шүүгдэгч С.Батцэцэгийг 1 / нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэх тогтоолыг гаргажээ.

 

 

Энэ бол хахууль өгсөн, авсан хурган даргын ял авсан нэг жишээ. Үүний цаана өчнөөн жишээ бий. Яг ийм асуудалд бүгд анхаарал хандуулж дахин газар авхуулахгүй байхад та бидний оролцоо их байгаа