Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь олон эрсдэл дагуулдаг. Тиймээс хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон ЗЦА-аас өдөр тутам сэрэмжлүүлэг хүргэдэг. Гэвч зарим нэгэн нь үүнийг ухамрсалдаггүйгээсээ болж ял авсан байна. Тодруулбал Баян-Өлгий аймагт согтуу жолооч, замын цагдаад мөнгө өгсөн бөгөөд өгсөн, авсан аль аль нь өнөөдөр ял аваад байна. Бид сэрэмжлүүлэх зорилгоор хэргийн талаар дэлгэрүүлж байна.

 

К.Өмирбек нь 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 74-60 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргаж, захиргааны журмаар шалгагдах хугацаандаа өөрийн үйлдсэн гэмт хэргийг нуун дарагдуулах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулахгүй байх зорилгоор Замын цагдаагийн тасгийн ахлах байцаагч Х.Ержанд хээл хахуульд 800000 төгрөг өгсөн байна.  Х.Ержан нь Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн ахлах зохицуулагчаар ажиллаж байхдаа хээл хахууль өгөгч К.Өмирбекийн ашиг сонирхлын үүднээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг нуун дарагдуулж, 262622 дугаартай жолоочийн үнэмлэхийг буцаан өгч хээл хахуульд 800000 төгрөг авчээ.

Энэ тухайгаа осол гаргасан жолооч К.Өмирбек мөрдөн байцаалтын явцад: “... тиймээ тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед зам тээврийн осол гаргаж, машинд зорчиж явсан Түвшинбаярын биед гэмтэл учруулсан энэ асуудлаар замын цагдаагийн ахлах байцаагч Ержанд шалгагдаж дээрх асуудлыг аргалуулах, жолооны эрхээ аргалуулах зорилгоор 800000 төгрөг өгсөн юм. Тухайн үед ахлах байцаагч чиний жолооны эрхийг хасахгүй зүгээр энэ дээр гарын үсэг зур гэсэн тэгээд ч би монгол хэл сайн мэдэхгүй учир ахлах байцаагч Ержаны хэлсний дагуу гарын үсэг зур гэсэн газар нь гарын үсгээ зурсан …Түвшинбаярын биед учирсан хохирлын мөнгө гэж 1500000 төгрөгийг байцаагч Ержаны өрөөнд хүлээлгэн өгсөн юм. Би зам тээврийн осол гаргаад уг асуудлаар замын цагдаагийн ахлах байцаагч Х.Ержанд шалгагдаж байгаагаа захиргааны зөрчил, эрүүгийн хэрэг гэдгийг сайн ойлгож мэдээгүй зам тээврийн осолд шалгагдаж байхдаа жолооны эрхээ хасуулахгүй байх зорилгоор 800000 төгрөг өгсөн”. Хэмээн үнэнээ хэлсэн байх юм.

Энэ гэмт хэрэг нь аль болох гэрч, баримтгүй мөнгийг өгч, авсан байдгаараа шууд гэрчлэх гэрч ховор бөгөөд нууц далд аргаар үйлдэгддэг юм. Замын цагдаагаар ажиллаж байсан Х.Ержан нь уг гэмт хэргийг шууд санаатай, шунахайн сэдэлттэй, амар хялбараар хөрөнгөжих зорилготой хийсэн бол шүүгдэгч К.Өмирбек албан тушаалтанд өөрийн эрх ашиг сонирхолд нийцсэн үйлдэл хийлгэх, үйлдэл хийхгүй байх үүднээс хахууль өөрөө хүсэж өгсөн шууд санаатай идэвхтэй үйлдлээр илэрчээ.

Тиймээс шүүхээс Ахмедперли овогт Ховдхааны Ержаныг хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийж өөрөө хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  Шеруши овогт Комоносовын Өмирбекийг албан тушаалтанд өөрөө хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон. Улмаар Х.Ержаныг төрийн албан тушаал эрхлэх эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, К.Өмирбекийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсэн байна.

Гэхдээ Өршөөлийн хуулиар тэднийг ялаас чөлөөлсөн байгаа юм.

Энэ бол зөвхөн илэрсэн гэмт хэрэг. Үүний цаана илрээгүй энэ төрлийн  хэрэг. Тиймээс ийм хэрэгт орохгүйн тулд иргэн та согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж, болзошгүй эрсдлээс сэргийлнэ үү.