Манай сайтад "Баян-Өлгийн хасагуудад үйлчилдэг хууль дүрэм гэж байна уу" гэсэн гарчигтай нийтлэл гарсан. Үүнтэй холбогдуулан нэг талаас мэдээллийг нягтлах, нөгө талаас нийтлэлд дурьдагдсан асуудлуудын талаар тодруулах зорилгоор Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхантай утсаар холбогдож хариулт авлаа.

- Сайн байна уу та, сайхан хаваржиж байна уу?

- Сайн, сайхан хаваржиж байна.

- Манай сайтад гарсан нийтлэлтэй холбогдуулан таниас хэдэн асуулт асууж болох уу

- Болноо, ямар асуудал юм бол

- Баян-Өлгий аймагт амьдарч байгаа цөөнх Монголчуудыг казах иргэд хавчин гадуурхаж байгаа тухай агуулгатай нийтлэл гарсан юм, энэ талаар таниас тодруулья

- Манай аймгийн ард иргэд эвтэй найртай аз жаргалтай амьдарч ирсэн түүхтэй. Олон үндэстэн ястаны Өлгий нутаг болсон тус аймгийн ард иргэд олон жил ахан дүүсийн холбоотой эвтэй найртай амьдарч байна.

- Баян-Өлгий аймгийн нийт иргэдийн хэдэн хувь нь Монголчууд байдаг вэ?

- Манай аймаг 102 мянган иргэдтэй, үүнээс 94 мянга нь казак иргэд, үлдсэн 8 мянга нь урианхай, дөрвөд, тува иргэд. Нийт 7 орчим хувь нь Монгол иргэд гэж хэлж болно.

- Аймгийн захиргаа нийт хэдэн ажилтантай вэ, хэдэн монгол хүн ажилладаг вэ?

- Нутгийн захиргааны байгуулагад Засгийн газрын тогтоолоор батлагдасан нийт 41 хүн ажладгаас /нэр дурьдан тоолов/ үйлчилгээний ажилтантай нийлээд 10-аад монгол хүн ажиллаж байгаа. Мөн газар агентлаг, хэлтсийн даргаар ажилладаг урианхай иргэд байдаг юм шүү. Гол нь ажил албандаа мэргэжил ур чадвараараа тэнцсэн хүнийг л авч ажиллуулах хуультай шүү дээ.

- Аймгийн хэмжээнд хүүхдийн цэцэрлэгийн хүртээмж хир байдаг вэ?, 10-р хороонд байрлах 4-р цэцэрлэгт ганц байсан 25 хүүхэдтэй монгол бүлгийг өнгөрсөн өвөл тараасан гэх юм. Монгол хүүхдийн цэцэрлэг байна уу?

- Та их зөв юм асуулаа. Манай аймгийн хэмжээнд цэцэрлэгийн хүртээмж 64 хувьтай байдаг. Энэ нь бусад аймагтай харьцуулахад харьцангуй доогуур үзүүлэлт юм. Үүний улмаас бид тэр бүр хүүхэд багачуудаа цэцэрлэгт хамруулж чадахгүй байна. Цэцэрлэгийн байр, анги танхим нь стандартын шаардлага хангаагүйн улмаас хаагдсан зүйл бий. Одоогоор аймгийн хэмжээнд нэг хувийн монгол цэцэрлэг ажиллаж байгаа. Бид бүх талаар дэмжин ажилладаг. Цэцэрлэгт Монгол бүлэг байгуулах асуудлыг хэрэгжүүлэхээр зорьж ажиллаж байна. Ирэх намраас хэд хэдэн цэцэрлэгт монгол бүлэг байгуулах санаатай байгаа.

- Монгол улсын 21 аймгаас Баян-Өлгий аймаг халамжийн зардлаараа тэргүүлдэг аймгуудын тоонд ордог юм байна. Танай аймагт халамжийн бодлого хавтгайрсан гэдэгтэй та санал нийлэх үү?

- Ийм асуудал байхгүй. Халамжийн зардалтай холбоотой тоон мэдээллийг би сайн мэдэхгүй байна. Тиймээс тань руу Халамжийн хэлтсийн даргаа яриулья. Та тэндээс нарийвчилсан мэдээлэл авч болно. Хуулиа давсан арга хэмжээ байхгүй, хуулийн хүрээнд хамруулж байгаа зүйл шүү дээ.

- Казах, монгол малчид өвөлжөө хаваржаанаас болж өөр хоорондоо муудалцах, газар булаацалдах асуудал цөөнгүй гардаг гэх юм?

- Өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр ийм зүйл гарсан байсантай холбогдуулан бид энд шуурхай хурал зарлан тухайн сумын удирдлагыг дуудан ирүүлж асуудлыг нягталж үзсэн. Тухайн үед манай аймгийн Толбо сумын иргэд болон Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын иргэдийн дунд өвөлжөөний тухай жижиг маргаан гарсан юм билээ. энэ асуудал шийдвэрлэгдсэн. Одоогоор манайд казах, монгол иргэдийн дунд газрын маргаантай ямар нэг асуудал байхгүй байгааг хариуцлагатайгаар мэдэгдэе. Ер нь тэгээд урианхай, казах иргэд 100 орчим жил ахан дүүсийн барилдлагатай болоод эв найрамдалтай хамтран амьдарч байна. Та бүхэн тэднийг өөр хооронд нь хагаралдуулах гэсэн элдэв хандлага битгий гаргаасай гэж хүсэх байна.

- Бид асуудлыг ойлгож байгаа. Гэхдээ Монгол улсад ажиллаж амьдарч байгаа иргэн хэн ч байгаа гэсэн казах, урианхай ялгалгүй хуулийн дор ажиллаж амьдрах ёстой. Үндэсний олонхи гэдгээрээ түрүү барьж, бусдад дээрэлхэнгүй хандах ёсгүй гэсэн үүднээс бид асуудалд хандаж байгаа.

- Таньтай санал нэг байна. Бид бүгдээрээ хуулийн дор амьдардаг. Казах монгол иргэд бол ахан дүүс. Манай иргэд нэг нэгэндээ дээрэлхэнгүй ханддаг зүйл байхгүй. Бүгдээрээ хуулиа дээдлээд, өөр өөрийн амьдралын төлөө, улс орныхоо хөгжлийн төлөө дор бүрнээ ажиллаж байгаа хүмүүс шүү дээ. Таныг надруу ярьсанд баяртай байна. Асуудлыг нягталж хоёр талын байр суурийг зэрэгцүүлэн оруулж байгаа сайшаалтай хэрэг. Баян-Өлгий аймгийн удирдлагын зүгээс төрийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх чиг үүргийнхээ хүрээнд ажиллаж байна. Бидэнд засаж залруулах, хийж хэрэгжүүлэх олон ажил байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ ор үндэслэлгүй, гүтгэлэгийн шинжтэй элдэв мэдээлэл үе үе хэвлэл мэдээллийн хэрэгслээр гардагт бид эмзэглэж явдаг.

- Сүүлийн асуулт, хэдхэн жилийн өмнө Баян-Өлгий аймагт зочлон, худалдааны захруу очин юм худалдан авах гээд үнэ асуухад монгол хэл мэдэхгүй казахуудтай хэл нэвтрэлцэж чадаагүй, мөн зах дээрх бүх зарын бичээсүүд казах хэл дээр байсныг санаж байна. Монгол улсад амьдарч байж бид эх хэлээрээ хэл нэвтрэлцэж чадахгүй байгаа энэ асуудал хэзээ цэгцрэх вэ?

- Бид сүүлийн үед боловсролын чанарыг ахиулах нэлээд арга хэмжээ авч ажиллаж байгаа. Казах иргэдийн боловсролын асуудлаас шалтгаалаад монгол хэл сайн сураагүй явдал Баян-Өлгийчүүдийн дунд цөөнгүй байгааг үгүйсгэхгүй. Цаашид үр дүн гарах гэдэгт найдаж байна. Ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрийн казах хэл, уран зохиолоос бусад бүх хичээл монгол хэлээр явагддаг гэдгийг бас хэлмээр байна.

- Ярилцлага өгсөн таньд баярлалаа.

- Танд ч гэсэн баярлалаа, танай сайтыг мэдээллийнхээ үнэн зөвгийг нягтлан олон нийтэд хүргээрэй гэж хүсэх байна.

 

Ц.Мөнх

undesten.mn