Латви улсын эрдэмтэд, статистикчид судалгааны дүнгээ өнгөрөгч долоо хоногт танилцуулсан байна. Энэ мэдээлэл Латвичуудыг ихэд бухимдуулжээ. Учир нь гадагш дүрвэж байгаа иргэдтэй холбоотой статистик мэдээгээр 100 жилийн дараа Латви үндэстэн устаж үгүй болно гэсэн дүгнэлтийг гаргасан байна. 

 

 

Латви бол 64.58 мянган ам.км газар нутагтай, 1.9 сая хүн амтай жижиг улс. Гэтэл энэ улсаас сүүлийн таван жилд 92000 хүн гарсан байна. Мөн хүн амынх нь 5 хувь нь гадагш дүрвээд байгаа юм. Эндээс л Лавти улс газрын зурагт тэмдэглэгдэхгүй болоход 100 хүрэхгүй жил байна гэдэг дүгнэлтийг гаргажээ. Уг нь Латви дайн дажингүй, тайван улс. Гэвч дүрвэгсдын тоог хүн амтай нь харьцуулахад хэт өндөр тоо гараад байгаа юм.

 

 

Мөн гадаад дүрвэгсдээс гадна дотоод дүрвэгсдийн асуудал хурцаджээ. Латви улс 2004 онд Европын холбоонд элссэний дараа хотууд нь хүнгүй болж эхэлсэн байна. Латвийн хоёр дахь том хот гэгдэх Даугавпилс эзэнгүй хот болчихоод байгаа юм. Соз нийгмийн үед энд үйлдвэржилт хөгжиж, олон бужигнаж байлаа. Гэвч ЗХУ тарж, Латви бие даасан улс болсноос хойш шууд л уналтад орж, хот эзгүйрч эхэлсэн юм. 130 мянган хүн амтай 47 мянган ажлын байртай байсан хот одоо 5 мянган ажлын байр л үлджээ. Үүний ихэнхийг төмөр замчид л эзэлж байна. Өөрөөр хэлбэл аж үйлдвэрүүд зогсолтод орж, хүмүүс ажилгүй болсноор дүрвэлт эрс нэмэгджээ.

 

 

Уг нь ийм гоё хот. Даанч энд амьдрах залуус алга 

 

Гэхдээ Даугавпилс шиг хотуудад тулгарч буй гол нь асуудал нь ажлын байр, шилжилт хөдөлгөөн бус харин насжилт гэж эрдэмтэд тайлбарлажээ. Учир нь энд ажиллах чадвартай залуу үе байхгүй болж. 25 хүртэлх насны залуус цөөрч, тэтгэврийн хөгшид жин дарах болсон байна. Эмч, сувилагч, гал сөнөөгч, цагдаа гээд чухал мэргэжлүүдэд эрэл нэмэгдсэн ч ажиллах хүчний хомсдолд орсон байна.

Уг нь Латвийн төр засгийн хэмжээнд асуудлыг анхааралдаа авч, ажил хэрэг болгож байгаа ч сайжруулах, үр дүнтэй аргыг олж чадахгүй л байна. Одоо ч дүрвэгчид нэмэгдсээр байгаа. Удалгүй Лавтичууд нийтээрээ дүрвэхэд гайхах зүйлгүй болжээ гэж эрдэмтэд тэмдэглэжээ. 

Тэгвэл Монголчууд ч бас дүрвээд эхэлсэн. Эд ажиллах насны хэчнээн залуу гадны оронд сурч, ажиллаж, амьдардаг билээ. Одоогоор Монгол Улсын 100.000 иргэн гадны улсад ажиллаж амьдарч байгаа гэдэг тоо бий. Энэ тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр л байгаа. Залуус боломж л гарвал гадны аль улс руу хамаагүй явахыг хүсч байна. Бид Латвийн араас орох вий дээ. Залуусаа тогтоох, ажлын байр, өрсөлдөхүйц цалинг одооноос л хийж хэрэгжүүлмээр байх юм... Хэдэн жилийн дараа "Монгол улс газрын зургаас арилна" гээд мэдээ бэлтгээд сууж байх вий дээ. Айх юм.

БНСУ-д очиж ажиллахаар өвлийн хүйтэнд оочирлож буй Монгол залуус...

 

А.Аюуш