БХЯ, ЗХЖШ, ҮБХИС, Нийслэлийн болон дүүргүүдийн Цэргийн штаб, яамны харьяа, аж ахуй нэгж байгууллага хамтран Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг Төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэдэд сурталчлах зорилготой “Нээлттэй хаалганы өдөр”-ийг энэ сарын 29-ний өдөр 10:00-17:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Энэхүү өдөр нь “Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр”-тэй давхцаж байгаагаараа онцлог юм. 

 

 

Тус өдөр БХЯ, ЗХЖШ-ын бүтцийн нэгж, харьяа байгууллагууд бүтэц зохион байгуулалт, үндсэн чиг үүрэг, үйл ажиллагааныхаа талаар иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл, танилцуулга хийхийн сацуу тэдний сонирхсон асуултад хариулт өгч, холбогдох үйлчилгээг үзүүлэх юм. Мөн өдөр БХЯ болон Батлан хамгаалахын төв архивын лавлагаагаар үйлчлэх, офицер, ахлагчийн алба хаах журмын талаар мэдээлэл, танилцуулга хийх, Батлан хамгаалах яамны долоо хоног тутмын дотоод үйл ажиллагаа, гаднаас иргэдийг хүлээн авах журмын талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, өргөдөл, гомдол хүлээн авах, шийдвэрлэх, хариу өгөх асуудлаар нийтэд танилцуулан мэдээлэх, санал, хүсэлт хүлээн авах, хариулт өгөх, саналын хайрцаг ажиллуулах зэрэг арга хэмжээ өрнөнө.

 

“Нээлттэй хаалганы өдөр”-т хүрэлцэн ирсэн иргэд Батлан хамгаалахын төв архив, Цэргийн төв эмнэлгийн үйлчилгээнд хамрагдах боломжтой. Тухайлбал, хөдөлгөөнт хээрийн лабораториор рентген зураг авах, эхо, зүрхний бичлэг хийх, нүд, чих хамар хоолойн эмч үзлэг хийн зөвлөгөө өгч, сахарын хэмжээг тогтоох зэрэг үйлчилгээг иргэдэд үзүүлнэ.

 

Мөн Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн элсэлтийн журам, сургалтын тогтолцоо, цэргийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж буй тэнхимүүдийн сурталчилгаа, БХЯ-ны харьяа “Бөртэ” Төрийн өмчит үйлдвэрийн газрын хамт олон дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдаа явуулахын сацуу Батлан хамгаалах салбараас хэрэгжүүлж байгаа Зам тээвэр, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, осол, зөрчил, хөдөлмөр аюулгүй ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл сурталчилгаа хийх аж.