Энэ сарын эхээр нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгэн дунд сургуулийн 7-р ангийн сурагч “Цэнхэр халим” гэх тоглоомоор тоглож, амиа хорлосон байж болзошгүй хэрэг гарчээ.

Тодруулбал, 12 настай хүүхэд гэрийнхээ угаалгын өрөөнөөс судсаа ханасан байдалтай олдсон байна.

Нас барсан сурагчийн хэргийг шалгах явцад, тэрээр фэйсбүүк чатаар сэжиг бүхий хүмүүстэй харилцаж байсан нь тогтоогдсон мэдээлэл байна. Мөн түүний сурч байсан сургуулийн сурагчид талийгаачийг “Цэнхэр халим” сүлжээнд нэгдсэн байж магадгүй хэмээн ярилцаж байгаа аж.

Учир нь тус сургуульд сурдаг нилээд хэдэн сурагч “Цэнхэр халим”-д нэгдсэн байдаг ба тэднээс өөрсдийгөө гэмтээсэн хэд хэдэн тохиолдол гарчээ.