Өнгөрсөн 2-р сард Туркийн Истанбул хотын Захиргааны төлөөлөгчид хоёр хоногийн ажлын айлчлал хийсэн. Айлчлалын гол зорилго нь Улаанбаатар хотод Турк улсын буцалтгүй тусламжаар  барих  9 өрхийн эмнэлэг, 1 диализийн төвийн барилгын ажлыг эхлүүлэх байсан. Туркийн хүндэт төлөөлөгчдийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хүлээн авч уулзсан. Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга “Та бүхнийг манай улсад хүрэлцэн ирсэн явдалд баяртай байна. Мөн танаар дамжуулан Истанбул хотын Захирагчид мэнд хүргэе. Улаанбаатар бол хөгжиж байгаа хот. Тиймээс бидэнд тулгамдаж буй асуудал зөндөө бий. Цаашид манай 2 улсын харилцаа өргөжин тэлж, олон салбарт хамтран ажиллах болно. Энэ удаад хэрэгжүүлэх эрүүл мэндийн төвүүдийг барих ажилд Монгол Улсаас Турк улсын Истанбул хотод суух Ерөнхий консул Э.Мөнх-Очирын гавьяа их бий. Түүний хүчин чармайлтаар энэ ажил хурдтай явагдаж байна. Тиймээс энэ дашрамд Ерөнхий консул Э.Мөнх-Очирт талархлаа илэрхийлье” гэлээ. Ерөнхий консул Э.Мөнх-Очир нь Истанбул хотын даргатай уулзахдаа анх энэ ажлыг санаачилан эхлүүлсэн юм.

Турк улсын Истанбул хотын Хурлын Төлөөлөгч, Захирагчийн ахлах зөвлөх Хакки Турунч “Энэ их ажлын хажуугаар биднийг хүлээн авч уулзсанд талархаж байна. Бидний ажил 2 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Манай хотод суух Ерөнхий консул Э.Мөнх-Очир нь энэ төслийг анх яригдаж байх үеэс эхлэн тасралтгүй санаа тавьж ажиллаж ирсэн. Одоо уг төслийг хөрсөнд буулгах үед ч чармайлт гарган ажиллаж байгаа. Тиймээс бидний зүгээс мөн талархаж байгаагаа илэрхийлье. Өчигдөр бид эрүүл мэндийн байгууллагын барилга барих газраа очиж үзлээ. Үнэхээр оновчтой сайн байрлалууд байна. Одоо бид харилцан ойлголцлын санамж бичиг байгуулснаар уг ажлыг шууд эхлүүлэх боломжтой боллоо” гэсэн билээ. Тэгвэл нийслэлчүүдэд амин чухал шаардлагатай энэ ажил хурдацтай өрнөж байна.

Саяхан Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Төслийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга И.Батхүү нартай уулзан ТИКА болон Истанбул хотын захиргаа хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй өрхийн эрүүл мэндийн төв байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хуралдлаа. Хурлаар ЭМТ-ийн төвийн төслийг хурдасгах хэрэгжүүлэх талаар шаардлагатай арга хэмжээг авахаар болж хоёр тал харилцан тохиролцож зохих шийдвэрүүдийг гаргасан байна. Ийнхүү Истанбул хотод суух Ерөнхий консул Э.Мөнх-Очирын идэвхитэй санаачилга дэмжлэгээр эхэлсэн нийт баригдах арван ЭМТ-ийн нээгдэх цаг удахгүй болжээ.