ЕБС-ийн математикийн улсын шалгалтын материал задарсантай холбоотойгоор Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын сайд Ж.Батсуурийг үүрэгт ажлаас нь огцруулах тухай саналыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 5 сарын 30-нд УИХ-ын даргад өргөн мэдүүлж, улмаар маргааш нь хуралдсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүдийн 63,4 хувийн саналаар түүнийг огцруулсан билээ.

Энэ үеэр УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд: "Энэ бол зөвхөн нэг сайдад биш салбарын яаманд хамаатай асуудал учраас хариуцлага алдсан бүх хүнтэй хариуцлага тооцох ёстой. Төрийн бүх шатны байгууллагын удирдлагууд, төрийн албан хаагчид энэ байдлаас сургамж авч өөрсдийнхөө үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, хариуцлага сахилгыг бүх шатанд дээшлүүлэх, өгсөн үүрэг даалгаврынхаа биелэлтийг тооцож дүгнэдэг байх, алдаа дутагдлыг тэр даруйд нь засч залруулан дахин давтдаггүй байхад анхаарч ажиллах хэрэгтэй" хэмээсэн юм. Өөрөөр хэлбэл яамны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан хариуцах учиртай Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын Яамны Төрийн Нарийн Бичгийн Дарга Б.Баярсайхан хариуцлага хүлээж, огцрох нь цаг хугацааны л асуудал бололтой. МАН-ын сурталчилгаанд ажиллаж байсан жүжигчин Б.Амараагийн эгч, христын шашинтан гэх Б.Баярсайхан албан тушаалтайгаа зууралдаж, амиа хоохойлолгүй хариуцлагаа хүлээж чадах эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ. Уг яаманд мөн дипломатч Л.Эрдэнэчулууны охин Гадаад Харилцааны Хэлтсийн даргаар ажилладаг юм байна.

 

П.Энхмандах

sonin.mn