Өнөөдөр МАН, МАХН-ын зүгээс хамтран хэвлэлийн хурал хийлээ. Хуралд Оюун-Эрдэнэ, Э.Батшугар нар оролцлоо. Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан нэр дэвшигчдийн дунд мэтгэлцээн зохион байгуулах ажилд АН-аас Ерөнхий нарийн бичгийн дарга О.Магнай, МАН-аас УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, МАХН-аас Э.Батшугар нар томилогджээ.

Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдрөөс эхлээд гурван бямба гаригт 21:30-аас мэтгэлцээнийг хийх нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Хууль ёс, шударга ёстой холбоотой асуудлыг нэг багц мөн эдийн засагтай холбоотой асуудлыг нэг багц, гадаад бодлоготой холбоотой асуудлыг мөн нэг багц болгон ярих нь зүйтэй юм байна гэсэн зөвшилцлийг өнөөдөр хүртэл амжилттай хийсэн.

Харамсалтай нь өнөөдөр АН-аас хуралдаад гурван шатны мэтгэлцээнийг хийх боломжгүй, нэг шатны мэтгэлцээнийг хийсэн тохиолдолд зөвхөн бидний сонгосон телевиз дээр хийх ёстой гэсэн шаардлагыг тавьсан. Энэ нь иргэдийн мэдэх болон асуух эрхэнд мөн холыг харсан шударга өрсөлдөөнд халдсан хэрэг болж байна гэж бид үзэж байгаа. Нийгэм бодлого ярьж өрсөлдөөч ээ гэж шаардаж байгаа. Сошиал ертөнцөөр бие биенээ гүжирдсэн зүйл хэрэггүй гэж байгаа. Тиймээс иргэдэд хүлээлт үүсгэсэн энэ зүйл дээр нэг нам нь заасан телевиз дээр хийнэ гэж байгаа тохиолдол анхных нь болж байна.

Э.Батшугар: Манай намын зүгээс таван удаа мэтгэлцээн хийе гэдгийг санаачилсан. Ингээд гурван удаа мэтгэлцэхийг хүлээн зөвшөөрсөн. 21 аймгийг тойрох учраас ийм богино хугацаанд боломжгүй гэж зарим нэр дэвшигчид хэлж байгаа. Манай нам сонгуулийн сурталчилгааны 18 өдрийн хугацаанд өөрсдийнхөө нэр дэвшигчдийг танилцуулж мэтгэлцээн хийхийг уриалж байна. Энэ мэтгэлцээнээс хэн нь Монгол Улсыг удирдах вэ гэдгийг ард түмэн маань харвал зүгээр юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг үүн дээр дэмжиж ажлаасай гэж хүсч байна.