Өнгөрсөн даваа гаригт буюу энэ сарын 5-ны өдөр 1995 онд төрсөн, 22 настай бүсгүй байшингийн дээвэр дээрээс унаж амиа алдсан хэрэг гарсан байна. Тодруулбал, талийгаач бүсгүй Нарны хорооллын ...р байрны 22-р давхраас даваа гаригийн 16:00 цагийн үед унаж амиа алдсан хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Талийгаачийг амиа хорлосон уу, хүнд түлхүүлж унасан уу гэдгийг Баянгол дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.

Талийгаачийн гэр бүл энэ хэрэгт ажлынх нь газрын захирлыг нь хардаж байгаа ажээ. Талийгаачийн гэр бүлийнхний мэдэгдэж байгаагаар “...Өөрөөсөө өндөр цонх өөд ганцхан харайгаад /өлмийнх нь мөр хананд үлджээ/ агаарын тамирчин шиг өөр ул мөргүйгээр үүрсэн цүнхтэйгээ нисчихлээ. Энгийн нэгэн амиа хорлолт болж харагдуулах бүхнийг хийсэн ч, хана зуурч тэмцсэн хумс хурууны ормыг мартсан бололтой. Маргааш тэр хананы сорви байхгүй ч байж мэднэ. “Надад хууль үйлчлэхгүй, чи цагдаад өргөдөл өгөөд нэмэргүй ” гэж суусан хормойн донтой “......” ХХК –ийн захирлыг би хардаж байна. Үнэхээр түүнд хууль үйлчилдэггүй, хүний амь утас таслахын төдийд хийсэн оддог юм гэж үү. Өөрөөсөө өндөр цонхонд шууд харайж гараад уруугаа харж нисдэг тийм “хорлогч ” байдаггүйг мартсан бололтой. 05 сарын 31 ний өдөр ажлын өрөөнд нь хүчирхийлэх гэж завдаж, түүнийг эсэргүүцэхэд, нүдийг нь хөхөртөл зоджээ. Охиныг зодуулж байхад хамт ажилладаг хүн нь захирлынхаа савраас түүнийг минь “аварч” зугтаалгасан байх юм. Хөх нүдэн охин захирлыгаа цагдаад өгч, өргөдөл бичсэн байна. Харин өргөдөл нь алга болчихсон. Баянгол дүүргийн цагдаад өгсөн өргөдлөө өөрөө авсан байна гээд “хүчингийн хэргийг хоохойлсон” тэр өдөр эвий сайхан бүсгүй дүү минь хорвоог орхилоо. Алга болсон өргөдлөө дахин бичиж өгөөд аль нэг тийшээ санд мэнд дуудагдаад...16 давхарт гарчээ. 15 минутын дараа 22 давхраас. Хайран амь. Энэ хэрэг дээр энгийн амиа хорлолт шиг эсвэл обект нь байхгүй хүчингийн хэрэг шиг хандаад хаагдчихвал өөр олон охин ахиад л “хийсэн одох” биз ээ. Ум сайн амгалан болтугай” гэж цахим орчинд мэдэгдсэн.

Энэ хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад: “ Энэ сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст “Ажилладаг газрынхаа захиралд зодуулчихлаа” гомдол гаргасан. Гомдлын дагуу шалгалтын ажиллагаа хийгдэж байгаа. Өргөдөл буцаасан асуудал бүртгэгдээгүй.  Амиа хорлосон гэх хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгалтын ажиллагаа хийгдэж байна”  гэв.