Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг (ТТАХНЭ)-ийн “Урьдчилан сэргийлэх хилийн хөдөлгөөнт бүлэг”-ийн 3 дугаар ээлж нь 2017 оны 05 дугаар сарын 15-наас 05 дугаар сарын 30-ны хооронд Монгол Улсын хилийн өмнөд хэсгийн алслагдсан цэргийн анги, заставуудад ажиллаад ирлээ.

Уг хөдөлгөөнт бүлгийг зүрх судасны эмч, дэд хурандаа Д.Сувданцэцэг ахлан нийт 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр Монгол улсын хилийн өмнөд хэсгийн алслагдсан цэргийн анги, заставуудын бие бүрэлдэхүүнд нарийн мэргэжлийн эмч нарын урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоо хийж, архаг хууч өвчнийг эрт илрүүлэх, шинээр татагдан ирсэн дайчдад эрүүл мэндийн хяналтын үзлэг, тусламж, үйлчилгээ үзүүлэхээс гадна эрүүл мэндийн сургалтуудыг зохион байгуулаад ирлээ. Нийтдээ давхардсан тоогоор 6300 гаруй нарийн мэргэжлийн үзлэг, оношлогоо, шинжилгээ хийгдэж, анги, заставуудын үндсэн бүрэлдэхүүний 95% нь хамрагдсан байна.  Судалгаагаар хилчдийн дунд мэдрэл, дотор, нүдний өвчлөл тэргүүлж байгаа нь орон нутаг болон ажил, мэргэжлийн онцлогтой тодорхой хэмжээгээр холбоотой байна.

Цаашид амьдралын зөв дадал хэвшил олгох, сургалт сурталчилгааг мэргэжлийн байгууллагатай хамтран үе шаттайгаар зохион байгуулах, архаг хууч өвчтэй албан хаагчдыг  нарийн мэргэжлийн эмч нарын хяналтанд эмчлүүлэх, орон нутгийн онцлогт тохируулан рашаан сувилал ажиллуулж албан хаагчдыг хамруулах, “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийн хүрээнд элэгний вирусын шинжилгээнд бүрэн хамруулж, вирусын эсрэг эмчилгээнд оруулах, ангийн эмнэлгийн эрүүл мэндийн ажилтнуудыг ТТАХНЭ-т богино хугацаагаар ажиллуулж дадлагажуулах зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй байгааг “Урьдчилан сэргийлэх хилийн хөдөлгөөнт бүлэг”-ийн 3 дугаар ээлжийн эмч нар онцоллоо.