Бадарч овогтой Гэрэл

 (1946-2017)

 

Бидний хайрлаж хүндэтгэж явдаг Бадарч овогтой Гэрэл нь 2017 оны 6-р сарын 4-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгссөнд гүнээ эмгэнэж байна.

Б.Гэрэл нь 1946 оны 12-р сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Дэлгэрэх сумын 6-р багт ард Бадарчийн 12-р хүү болон төрсөн.  Тэрээр 1955 онд Налайх хотын бага, дунд сургууль, 1964 онд ЗХУ-ын Архангельск мужид ТМС–ийг төгсөн, ажлынхаа гараагаа Налайх хотоос эхэлж, мэргэжлээрээ ажиллаж байгаад 1967-1970 онд цэргийн алба хааж, улмаар жирийн байлдагчаас хошууч цолтойгоор 138, 162 дугаар анги, нэгтгэлүүдэд Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн үүр хорооны дарга болон БХЯ-ны улс төрийн хэлтэст улс төрийн ажилтанаар ажиллаж байлаа.

1990-1996 онд  Хан-Уул дүүргийн 1-р хорооны засаг даргаар, 2001-2013 онд Буянт-Ухаа ОУНБ-ын Аюулгүй Байдал Хамгаалалтын Албанд  ээлжийн ахлагч, менежерээр ажиллаж байсан.

Багаасаа эвлэл, пионерын байгууллагад сонгуульт ажил хийж, хүнтэй ажиллах, аливаа ажлыг удирдан зохион байгуулах авъяас чадвартай, шүлэг бичиж, үг холбож, өгүүлбэр бүтээж, олон түмнийг уриалан дуудаж, ажилласан газар бүртээ уран илтгэгч, яруу сайханаар ярьдаг хэмээн алдаршиж явсан тэр авъяас нь улам гүнзгийрч 1996 оноос Онол, Бэрс, Идэр, Их засаг дээд сургуулиудад улс төр, түүх гүн ухаан, төр эрх зүй, илтгэх урлаг зэрэг хичээлүүдийг зааж байсан.

Энэ хугацаандаа "Илтгэх Эрдэм Хүрээлэн" ТББ-ыг байгуулан тэргүүнээр нь ажиллаж ирсэн. Монголын нийт хүн ам, хүүхэд залуучуудын соёл боловсролын хүмүүжил болон тэднийг соён гэгээрүүлэх үйлсэд өөрийнхөө бүх ухамсарт амьдралыг зориулж "Илтгэх-Урлаг" лекцээ улсын хэмжээний 21 аймаг, сум, баг, хот хөдөөгийн төрийн ба төрийн бус байгууллагын ажилтан албан хаагчид, бүх шатны сургууль цэцэрлэгийн багш сурган хүмүүжүүлэгчид, оюутан, сурагч, хүүхэд багачууд, эцэг эхчүүдийн оюуны сэтгэлгээг хөгжүүлэхэд зориулсан олон сайхан цуврал лекцүүдийг уншиж, олон зуун хүнийг соён гэгээрүүлж байсан.

Б.Гэрэл нь хүмүүсийг сайн сайханд итгүүлж, амьдралын үнэ цэнийг ойлгуулж чадсанаар түүний сургаал номыг сонсож, уншиж ирсэн олон зуун шавь нар нь өнөөдөр төр нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн, төр олон нийтийн байгууллагын тэргүүн, эрдэмтэн мэргэд болон ажил үйлс, үзэл бодлыг нь үргэлжлүүлэн авч явна.

2002-2016 онуудад "Илтгэх урлаг" хэмээх 8 цуврал номоо олон түмний хүртээл болгожээ.

Энэ агуу их үйлсийнхээ төлөө эрдмийн их сургуулийн хүндэт доктор, уран илтгэгч, Чингис хааны дэлхийн акедемийн академич, Алтан Гэрэгэ, Хасбу зэрэг эрдмийн зэрэг цол хүртсэн.

Түүний гавъяа зүтгэлийг нь төр засаг өндрөөр үнэлж Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Ардын хувьсгалын болон зэвсэгт хүчний ойн медалуудаар шагнагджээ.

Б.Гэрэл нь маш их ажилсаг дайчин, шаргуу, шулуун шударга зан чанартай эрдэм номтой энэрэнгүй, хүнлэг, гэр бүл үр хүүхдүүдийнхээ төлөө бүхнээ зориулсан тэнгэрлэг хүмүүсийн нэгэн байлаа.

Ум сайн амгалан болтугай.

 

Гэр бүл, үр хүүхэд ач зээ, ах дүү төрөл  төрөгсөд, найз нөхөд, шавь нараас