Чингэлтэй дүүргийн удирдлагууд өнөөдөр “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагт оролцож 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, дүүрэгт хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний явц, үр дүнгийн талаар иргэд, олон нийтэд мэдээлэл өглөө.

“Нээлттэй нийслэл” мэдээллийн цагт Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Төсөл хөтөлбөр хариуцсан орлогч дарга Ж.Чимэдцогзол, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж нар оролцлоо.

Чингэлтэй дүүрэг 159514 хүн амтай, засаг захиргааны 19 хороо нэгжтэй. Үүнээс 6 хороо төвийн буюу байшин хороолол, үлдсэн нь гэр хорооллын бүсэд байна. Дүүргийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх  үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 2017-2020 онд хэрэгжих “Эрүүл мэнд 2020”, “Жаргалтай гэр бүл”, “Хотын иргэн–Хотын соёл”, “Хамтдаа хөгжье”, “Чингэлтэйд үйлдвэрлэв”, “Ногоон дүүрэг”,  “Хүний нөөц, Нийгмийн баталгааг хангах“, “Чингэлтэйн боловсрол”, “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах, гал түймрээс урьдчилан сэргийлэх”  хөтөлбөрүүдийг Монгол Улсын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Засгийн газрын 2016 оны 249 дүгээр тогтоол “Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журам”-д нийцүүлэн боловсруулж, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан.

“Жаргалтай ирээдүй-эдийн засгийн хөгжил” хөтөлбөрийн хүрээнд Австри улсын “The cool tool” компанид үйлдвэрлэдэг таваас дээш насны бүх хүн хэрэглэх боломжтой “Юнимат” бүтээлч машин буюу цахилгаан болон гар багаж, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн хэрэгслүүдээр ерөнхий боловсролын сургуулиудын хөдөлмөр технологийн танхимуудыг тохижуулсан. Арьс мэдрэгчтэй, цахилгаан багажны ирэнд хуруу болон биеийн аль нэг хэсэг хүрэх үед багаж автоматаар зогсдог зэрэг аюулгүй ажиллагааг бүрэн хангасан тоног төхөөрөмж, багажийг дүүргийн төсвийн 200 сая төгрөгийн хөрөнгөөр 2016 онд ерөнхий боловсролын 5 сургуульд суурилуулсан билээ. 2017 онд дүүргийн төсвийн 280 сая төгрөгийн хөрөнгөөр мөн нэмж 4 сургуулийн хөдөлмөр технологийн танхимыг тохижуулахаар төлөвлөөд байна.

2017 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Үүний дагуу Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд орон нутгийн хөгжлийн сангийн 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Жишиг” өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг барьж ашиглалтад оруулсан. Үүний зэрэгцээ тоног төхөөрөмж, материаллаг баазыг бэхжүүлэхэд дүүргийн зүгээс 600 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэлээ.

Дүүргийн хэмжээнд авто замын хөдөлгөөнийг нэмэгдүүлэх, орц, гарц нээх, хөрсний бохирдлийг бууруулж, тоосонцорыг багасган иргэдийн амар, тайван, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бололцоог нэмэгдүүлэх ажлыг дэс дараатай, иргэдийн санал хүсэлтэнд тулгуурлан нөөц бололцооны хүрээнд хийж, хэрэгжүүлэн ажиллаж байна. 2017 онд дүүргийн төсвийн хөрөнгөөр 7 дугаар хороонд 500 у/м авто зам, урсгал зардлаар 7, 11, 12 дугаар хороодод 1.5 км байгалийн чулуун болон бетонон авто зам, Чингэлтэй хайрхан ууланд “Эрдмийн цэцэрлэгт хүрээлэн” бүхий амралт, аялал зугаалгын бүс болгон тохижуулахаар 230 у/м байгалийн чулуун авто замын ажлыг эхлүүлээд байгаа юм.