Допингийн эсрэг үндэсний төвөөс Улсын начин Б.Баатарцол, Б.Ганзориг нарын бөхөөс сэргээш илэрсэн талаар мэдэгдлийг өнгөрсөн онд гаргасан билээ. Улмаар Б.Ганзоригийн цолыг хураах, Б.Баатарцолын барилдах эрхийг нэг жилээр хасах шийдвэрийг Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны тогтоолоор гаргасан юм.  

Гэвч улсын начин Б.Ганзориг сэргээш хэрэглээгүй гэдгээ мэдэгдэж дээрхи шийдвэрийг хууль бус хэмээн үзэж 2017 оны хоёрдугаар сарын 20-нд анхан шатны шүүхэд хандсан байдаг.  Тэгвэл энэ хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Б.Ганзоригийн нэхэмжлэлтэй, Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хороонд холбогдох “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаар тогтоолын Б.Ганзоригт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцлээ. 
Уг хурлаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ганзоригийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.