Цагдаагийн ерөнхий газрын Гэрч хохирогчийг хамгаалах хэлтсийн алба хаагчид иргэн Г.Доржзодовын аюулгүй байдлыг хамгаалан үүрэг гүйцэтгэж байна.  Хамгаалалтад авах албан ёсны баримт бичгийг хүргэж өгөхөөр түүнийг Хан Уул Дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах  УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн гэрт байхад нь цагдаагийн алба хаагчийг очиход тэрбээр өмгөөлөгчөөрөө дамжуулан хуулийн байгууллагатай харилцахаа илэрхийлсэн байна. Улмаар  өмгөөлөгч Г.Баасантай уулзаж, иргэн Г.Доржзодовыг хамгаалалтад авах тухай тушаалыг танилцуулсан.  
2017 оны зургаадугаар сарын 15-ны өглөө улс төрийн зарим хүчний дэмжигчид болон бусад хүмүүс олон нийтийн цахим сүлжээг ашиглан иргэд, олон нийтийг эсэргүүцэл, тэмцэлд уриалсан үйлдэл гаргасан учраас оршин суугчдын аюулгүй, амар тайван байдлыг хангах, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсэхээс  сэргийлж Цагдаагийн албаны тухай хуульд заасан үүргийн дагуу цагдаагийн байгууллагаас гадуур хамгаалалт авсан. 
Иргэн Г.Доржзодовын нийгмийн сүлжээнд тавьсан, олон нийтэд хандсан мэдээлэл, хүсэлтээс нь хүний амь нас, эрүүл мэнд эрсдэлд орж болзошгүй нөхцөл байдалд орсон гэж дүгнэн Цагдаагийн албаны тухай хуулийн 12.1.5, 21 дүгээр зүйлийн 21.1.16 дахь заалтыг үндэслэн иргэнийхээ аюулгүй байдлыг хамгаалахын тулд хуулийн дагуу үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.