2017 оны 06 дугаар сарын 19-ний Даваа гарагт цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 50 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа.

Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 321 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 224 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 3 хүний амь нас хохирч, 11 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 12, автомашинтай мөргөлдсөн 6, онхолдсон 1, үл хөдлөх зүйл мөргөсөн /шон, хашаа гэх мэт/ 1 осол тус тус бүртгэгдсэнийг ЗЦА шалгаж байна.

Зам тээврийн осолд явган зорчигч хэлбэрээр 4 хүүхэд өртөж гэмтэж, бэртсэн. Тухайлбал:

  1.  БЗД-ийн нутаг Уулын зам, Сүүлт давааны зүүн хойд шороон замд T.Hilux маркийн автомашин онхолдож, жолооч 57 настай Д-н амь нас хохирсон.
  2. СХД-ийн нутаг Хөтөлийн замд T.Prius маркийн автомашины жолооч Н нь явган зорчигч 53 настай Л-г мөргөж амь насыг хохироосон байна.

Зам тээврийн ослын шалтгаан, нөхцлөөс харахад харанхуй үед явган зорчигч өөрийгөө жолоочид үзэгдэж байгаа мэтээр буруу ойлгож осолд өртөх явдал бүртгэгддэг. Харанхуй үед жолооч хар бараан зүйлийг 20-30 метрт олж хардаг. Зарим явган зорчигчид явж байгаа автомашиныг тэр дороо шууд зогсох мэтээр буруу боддог.

Ялангуяа бидний хэлдэгээр буруу хүрдтэй буюу баруун хүрдний байрлалтай тээврийн хэрэгслийн гэрэл нь зүүн тал руу илүү тод гэрэлтүүлэхээр гэрлийн тусгалыг тохируулсан байдаг тул баруун талд байгаа тэмдэг тэмдэглэгээ, явган зорчигч болон бусад саад тод харагддаггүй. 

Иймээс эрхэм жолооч, явган зорчигч та үзэгдэлт хангалтгүй буюу харанхуй үед замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байж, бие биенээ хүндэтгэн, сахилга, соёлтой оролцоорой.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мөн өчигдөрөөс эхлэн орсон борооны улмаас замын гадаргуу гулгаатай байгаа тул жолооч та тээврийн хэрэгслийн хоорондын болон хажуугийн зайг баримтлах, хурдыг зөв тохируулах, явган зорчигч иргэд рүү санаатайгаар ус цацахгүй байж хөдөлгөөнд соёлтой байхыг сэрэмжлүүлж байна.