Шинэ эрүүгийн хууль ирэх сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ. 2017.07.01-ны өдрөөс эхлэн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн гэм бурууг  шинэ Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэх болно.  Шүүхээр шийдвэрлэхдээ хууль буцаан хэрэглэх бөгөөд тухайн ялтанд шинэ эрүүгийн хуулиар ял бага байна уу, хуучин Эрүүгийн хуулиар бага ял авахаар байна уу гэдгийг харж үзэх юм. Яг үүнийг шинэ эрүүгийн хуулинд зааж өгсөн байгаа.

Тодруулбал Шинэ эрүүгийн хуулийн :

1.9 дүгээр зүйл.Хууль буцаан хэрэглэх

1.Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.

2.Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.

3.Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна гэж заажээ.

Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн этгээд шүүхээр ирэх сараас өмнө хэргээ шийдүүлэх юм бол  2-5 жилийн ял илүү эдэлнэ.  Харин шинэ эрүүгийн хуулиар 2-5 жил бага ял эдэлнэ.  Яг үүн дээр олны анхааралд өртсөн нэг хэргээр жишээ авъя.

Дорнод аймгийн Хэрлэн суманд 2016.09.06-ны өдөр 7 настай эрэгтэй Т хүү бусдын гарт амиа алдсан. Дорнод аймгийн цагдаагийн газраас уг хэргийг шалгахад хохирогчийн эцэг Ц-тэй хувийн дотно харилцаатай 1992 онд төрсөн эмэгтэй С гэгч нь 1998 онд төрсөн Б-д захиалга өгч хөнөөлгөсөн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ.  

Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан.  Прокурорын  байгууллагаас  ял төлөвлөн анхан шатны шүүхэд хоёр сарын өмнө шилжүүлсэн.  Гэвч шүүх анхан шатны шүүх хурал хойшилж болох бүхий л шалтгаанаар хойшилж байгаа.  Учир нь яллагдагч С-д хүний амь насыг хөнөөсөн хэргээр ял төлөвлөөд байгаа.  Уг зүйлчлэл нь  Шинэ эрүүгийн хуулиар хүний амийг хөнөөсөн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ гэж заасан.  

Харин одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар бол  арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ.

Тэгэхээр яллагдагч  С нь  3-5 жилээр бага ял эдлэхийн тулд өнөөдөр шүүхийг илтэд үл хүндэтгэсэн байдал үзүүлж шүү хурлыг хойшлуулсаар байж болзошгүй юм. Хүүхэд алах захиалга өгсөн байж болзошгүй С-ээс гадна ингэж ял завшихаар төлөвлөж байгаа хүн нь  Мунзуй Нямдорж, Доён Болд нар...

Эрүүгийн хууль шинэчилсэн тохиолдолд Улсын дээд шүүхээс  хуулийн тайлбар гаргадаг. Одоогоор Улсын дээд шүүхээс тайлбар гаргаагүй байна. Тайлбар гарвал бид энэ талаар эргэн мэдээлэх болно.