НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2010 онд № 64/255 тогтоол батлан 2011-2020 оныг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын жил” болгон зарлаж, Монгол Улсын Засгийн газраас 2012 онд 146 дугаар тогтоолоор “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги”, төлөвлөгөөг батлан 2020 он гэхэд зам тээврийн ослын улмаас гэмтсэн болон нас барсан хүний тоог тус бүр 50 хувиар бууруулах зорилт дэвшүүлэн хэрэгжүүлэн ажиллаж байна.

     Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хүрээнд Монгол Улс “Замын хөдөлгөөний тухай”, “Замын дохио, тэмдгийн тухай” 1968 оны конвенцуудад нэгдэн орсон бөгөөд НҮБ-аас “Дугуйт тээврийн хэрэгсэл, дугуйт тээврийн хэрэгсэл дээр суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан техникийн нэгдсэн шаардлагыг батлах тухай болон эдгээр шаардлагад үндэслэн олгосон зөвшөөрлийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай 1958 оны хэлэлцээр” , “ Дугуйт тээврийн хэрэгсэл болон дугуйт тээврийн хэрэгсэл дээр суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмжүүд, эд ангиудын талаар дэлхийн хэмжээний техникийн зохицуулалтыг гаргах тухай 1998 оны дэлхийн нийтийн хэлэлцээр”, “Техникийн үечилсэн үзлэгийн тухай 1997 оны Гэрээ”, “Аюултай ачааг авто замаар тээвэрлэх тухай олон улсын 1957 оны хэлэлцээр” -т нэгдэн орох нь зүйтэй гэж зөвлөмжилсөн.

   Сүүлийн жилүүдэд Монгол Улсын эдийн засаг өргөжин тэлэхийн зэрэгцээ автотээврийн салбарт олон улстай хэлэлцээр байгуулан, автомашин үйлдвэрлэх, угсрах үйл ажиллагаа явагдаж, гадаад улсуудаас төрөл бүрийн автомашин, сэлбэг хэрэгсэл ихээхэн хэмжээгээр импортлох боллоо.

    Дээрх нөхцөл байдлын улмаас холбогдох олон улсын гэрээнд нэгдэн орох асуудлыг 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулан, дэмжиж, Улсын Их Хурлын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр шийдвэрлэсэн.

    НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Тусгай элч Жан Тодт 2017 оны 03 дугаар сард Монгол Улсад айлчлах үед Олон улсын гэрээ, конвенцод нэгдэн орох, сургалт зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхийг Зам, тээврийн хөгжлийн сайдын зүгээс хүссэн юм.

      НҮБ-ын тусгай элч Жан Тодттой тохиролцсоны дагуу НҮБ-ын Европын Эдийн засгийн комиссоос 2 мэргэжилтэн илгээж 2017 оны 06 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд дараах сэдвүүдээр сургалт зохион байгуулж байна. Үүнд:

  1. 1958 оны “Дугуйт тээврийн хэрэгсэл, түүнд суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж болон эд ангид зориулсан техникийн нэгдсэн шаардлагыг батлах тухай болон эдгээр шаардлагад үндэслэн олгосон албан ёсны зөвшөөрлийг харилцан зөвшөөрөх тусгай хэлэлцээр”,
  2. 1997 оны “Дугуйт тээврийн хэрэгслийн түр техникийн үзлэгийн нэгдсэн нөхцөлийг хүлээн зөвшөөрөх тухай олон улсын хэлэлцээр”,
  3. 1998 оны “Дугуйт тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж болон эд ангийн улсын техникийн журмыг бие болгох тухай олон улсын хэлэлцээр”,
  4. 1957 оны “Аюултай ачааг авто замаар тээвэрлэх тухай олон улсын хэлэлцээр”,

    Тус сургалтыг зохион байгуулснаар төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан албан хаагчдын мэдлэг чадварт ихээхэн ач холбогдолтой төдийгүй олон улсын гэрээ хэлэлцээрт нэгдэн орох, цаашлаад Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах, тээврийн үйл ажиллагааг олон улсад өргөжин тэлэхэд чухал үнэтэй хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

                     Сургалтын үеэр Зам, тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд: 

 “Манай улсын хувьд автомашины импортын бодлогыг тодорхойлсон байдаг ч төдийлөн сайн хэрэгжихгүй байгаа. Тухайлбал, баталгаагүй сэлбэг хэрэгсэл, хэзээ, хэн үйлдвэрлэсэн нь тодорхойгүй мотоцикл олноор нь импортолж байгаа. Үүнээс шалтгаалж Зам, тээврийн осол их гарч, иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, эд хөрөнгөнд хохирол учруулсаар байна. Тиймээс эхний ээлжид дугуйт  тээврийн хэрэгслийн тухай конвенцод нэгдэн орох шаардлагатай байгаа юм. Тус конвенцод нэгдсэнээр манай улсад импортоор оруулж ирж буй тээврийн хэрэгслийг стандарттай болгож, тодорхой шалгуур тавих юм” гэв.