2007 оноос эхлэн төр засгийн удирдлагууд  агаарын бохирдолд анхаарал хандуулж эхэлсэн.  Өөрөөр хэлбэл агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2007-2009 онд  жилд  хоёр тэрбум төгрөгийг  улсын төсвөөс зарцуулсан байдаг. Харин энэ үед  агаарын бохирдол 28 хүртэл хувиар өссөн байдаг.

Засгийн газрын тусгай сан Цэвэр агаарын сан нь 2011, 2012, 2013 онд улсын төсвөөс нийт 92.5 тэрбум төгрөг төсөвлөгдсөнөөс 2013 оны 10 дугаар сарын 1-ний байдлаар нийт 67 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Үүнээс нийслэлийн нийтийн тээврийн хорт утааг багасгахын тулд 3,5 тэрбум төгрөгийг 2011 онд зарцуулсан байна. Өөрөөр хэлбэл 400 гаруй автобусанд хийн түлш ашиглах боломжтой хосолсон багажийг суурьлуулжээ. Мөн гурван мянга гаруй авто машинаас ялгарч байгаа хорт утааг шүүх зориулалттай шүүлтүүр суулгасан бөгөөд энэ ажилд гурван тэрбум төгрөг, хийн станц байгуулах ажилд 2,5 тэрбум төгрөг зарцуулсан байх юм.

2013-2014 онуудын хооронд нийт 45 мянган зуух тараахаар болсон байна. Энэ ажилд 15 сая ам.доллар зарцуулахаар болжээ.

Энэ мэтчилэн нийслэл хотын агаарын бохирдлыг буурулах чиглэлээр олон ажил хийж байгаа ч бодит үр дүн харагдахгүй байна. Өнөөдөр нийслэл хотын агаарын бохирдол буурахгүй, өглөө оройдоо хоолой хорсгож, хувцсанд  утааны үнэр шингэж,  бүх зүйл тортог болчихоод байна.

БОНХС С.Оюун  энэ агаарын бохирдол гээд байгаа зүйл чинь манан гэж тайлбарлаж байсан.  Тэгвэл  манан биш гэдгийг  ньус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэн баталчихаад байгаа.  

Цэвэр агаар сангийнхан агаарын бохирдолт буурсан, хүний нүдэнд ил харагдахуйцаар буураагүй ч түүнд агуулагддаг хорт бодис багассан гэж тайлбарлаж байх юм. Гэтэл үүнийг эрүүл мэндийн байгууллагынхан няцааж, агаарын бохирдолтонд байдаг хар тугалгын хэмжээ байх ёстой хэмжээнээсээ хэд дахин их байна гэдгийг онцлон хэлсээр байна.  

Ерөнхий сайд агаарын бохирдол гурван жилийн дараа буурахгүй бол  надад хэлээрэй. Би арга хэмжээ авна хэмээн мэдэгдсэн.  Гурван жил нийсллийн иргэдийг  хордож, эрүүл мэндээрээ хохирч бай гэсэн агуулга бүхий зүйл хэлсэн.  Өөрөөр хэлбэл гурван жилийн дотор тэрбээр  намынхаа нөхрийн шахааны  хямд  нүүрсээ нийлүүлж дуусгангаа Монголчуудын  гаруй хувийг хордуулах гэж байгаа бололтой юм.  

Ингэж  төр түмний  100 гаруй тэрбум төгрөгийг салхинд  зүгээр шахам хийсгэж байхаар гэр хорооллын айл өрхийн дэд бүтцийг шийдэх боломж байсан. Ядаж л тэр мөнгөөрөө хагас  коксжсон түлшний үйлдвэр  барихад анхаарал хандуулсан бол агаарын бохирдлын хэмжээ ингэтлээ гамшигийн хэмжээнд хүрэхгүй л байсан байх.   Өөрөөр хэлбэл утаагүй зуух гээчийг  гэр хорооллын  дийлэнх айлд тараачихсан энэ үед хагас  коксжсон түлшний үйлдвэр барихад анхаарал хандуулчихбал  асуудал арай л түргэн шийдэгдчих байх.

Түргэн гэдэгт анхаарал хандуулаад байгаагийн учир нь агаарын бохирдол хүүхдийн оюун ухаан, сэт­гэхүйд утаа, агаарын бохирдол нөлөөлдөг. Мөн агаарын бохирдол ихтэй газар амьдардаг хүн амын дунд амьсгалын замын үрэвсэл, харшлын гаралтай эмгэг, зүрх судас, хоол боловсруулах замын эмгэг, арьс салстын үрэвсэл, харшлын гаралтай эмгэгүүд элбэг тохиолддог. Тухайлбал нүүрстөрөгчийн дутуу исэл нь хүний амьсгалж буй агаартай хамт хүний биед орж, цусны гемоглобин гэсэн уурагтай нэгдээд төв мэдрэлийн системд нөлөөлдөг. Ингэснээр бие сулрах, толгой өвдөх, бөөлжих, дотор муухайрах, ухаан алдуулах зэрэг амь насанд аюултай бохирдуулагч юм. Харин азотын ислүүд нь хүний хамар, нүдний салст бүрхэвчийг цочроож алсдаа уушгийг үрэвсүүлэж, хорт хавдар үүсгэх аюултай бол хүхэрлэг хий нь хүний уургийн солилцоо дааврын үйл ажиллагааг алдагдуулдаг. Хөө тортог, том, нарийн ширхэгтэй тоосонцор нь амьсгалын замыг бохирдуулахаас гадна уушгины архаг өвчин болон хорт хавдар үүсгэгч бодисыг дамжуулагч үүргийг гүйцэтгэдэг.

Профессор Кирк Смит хэлэхдээ “Агаарын бохирдолд хамгийн их хортой нь нүүрсний утаа. Хөгжиж буй орнууд нүүрсийг шатааж, түлшний зориулалтаар хэрэглэдэг учраас энэ нь агаарт маш их хэмжээний бохирдол үүсгэдэг.  Агаарын бохирдол тэр дундаа нүүрсний утаанаас болж хүн амын дунд уушигны архаг өвчнүүд, зүрх судас, төрөхийн хүндрэл, дутуу төрөлт, эхийн эндэгдэлд шууд нөлөөлдөг. Хамгийн эмгэнэлтэй нь нүүрсийг эмзэг бүлгийн буюу амжиргааны төвшин доогуур орлоготой хүмүүс хэрэглэдэг. Эдгээр айл өрх өөрсдийгөө болон тухайн улс, хот, аймагт амьдарч байгаа хүмүүсийг нийтэд нь хордуулж байгаад гол учир байгаа юм. Хэрэв улсын хөгжил, эрүүл мэндээ бодож байгаа бол нүүрснээс татгалзах хэрэгтэй. Нөгөө талаар Улаанбаатар нь далайн төвшнөөс 600-700 метр өндөрт дөрвөн уулаар хүрээлүүлэн оршдог, салхины дундаж хурд бага учраас нэг өрөөнд амьдарч байгаа мэт байна. Тиймээс өрөөний цонхоо нээхгүй утаа гаргаад байвал ямар байх вэ тэрэн шиг л нөхцөлд улаанбаатарчууд амьдарч байна гэж ойлгож болно”  хэмээн хэлж байсан.  

Тэгэхээр  нийслэлчүүдийн эрүүл мэнд хичнээн эмэгнэлтэй байгаа нь ойлгогдож байгаа бизээ.

Төр түшилцэж, Засаг,  нийслэлийг тэргүүлж байгаа болон салбар хариуцсан сайд нь энэ цаг үед  идэвхитэй ажилла.  Үүнийг нийслэлчүүд та нараас шаардаж байна.  

Бэлтгэсэн А.Баярмаа